ebugen : Монгол үзэл (бор халзан туулай)

Монгол үзэл (бор халзан туулай)

Харанхуй болсон хойно нялх хүүхдийг гадагш авч гарахдаа хамрыг нь хөөддөг эртний монгол дом байдаг аа. Бусад улс үндэстэнд байдаг эсэхийг үл мэднэ. Энэ ёс, дом, шившлэг ямар учиртай болохыг олохыг хичээлээ. Домгийн ёсоор бол хүүхдийг авахаар ирсэн чөтгөр болон эрлэгийг хуурч бор халзан туулай болгон харагдуулж байгаа дом юм байна. Гарал улбааг нь хөөвөл нэн эртний бөө мөргөлийн зан үйлийн нэг бололтой. Эрт цагт муу юмнаас хамгаалах, хүний муу үйлдлийг хаах зорилгоор нүүрийг нь хөөдөх, бэхээр будах, шивээс хийх зэрэг зан үйл байжээ. Үүний нэг жишээ нь Хүн нар бусад улсын элчийг Шаньюйн өргөөнд оруулахдаа нүүрийг нь бэхээр буддаг байсан хэмээх мэдээ занги юм. Ингээд энэхүү зан үйлтэй холбоотой нэгэн шүлэг олсноо дор талбив.

Хуй салхи шуургыг илгээж

Хундан цагаан гэрийн минь тоонон дээр нь иржээ

Гурван цамхраа байхыг үзээд дутуу байна гэж баясаж

Гуниг дээр гуниг нэмээд “яах вэ” гээд буцжээ

Аавын минь тавьсан өрхөн доорхи

Амин гурван цамхрааг хараагүй нь тэрээ

Эрлэг намайг эрээд олоогүй нь энээ

Наран жаргаж сүүдэр хүүшилсэн тэр үдэш

Над руу эрлэгийн элч иржээ

Эцгийн минь хайчилсан үнэгийг хараад

“Энэ надаас түрүүлжээ” гээд буцжээ

Андуураагүй ирсэн эрлэгийн элчийг аав минь буцаажээ

Бой нь арилаагүй надыг хайж явсаар эрлэг иржээ

Боролзойж түрхсэн хөөг харчихаад

“Бор халзан туулай” гэж андуураад буцжээ

Эрлэг намайг эрж олсон ч

Ижий минь аварсан нь тэрээ

Эрлэг надад дарс сөгнөж би хүртэнэ

Ижий минь дарь эх уншиж би үлдэнэ

Ижий аавыг минь амьд байхад

Эрлэг минь намайг битгий хайгаач

Эрлэг танаас нуугдсаны минь эгэл үнэн энээ

 

 

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
Арслантай авдар

Цамхраа гэж юу вэ?
Энд "Амин гурван цамхраа" гэж орсон байна

ebugen

Тоонын гадна дотно хүрээг холбосон холбоос...

Арслантай авдар

Аан за. баярлалаа. Тийм байлгүй дээ...

Галавсай (зочин)

цамхраа гэж шинэ үг мэдэж авлаа. баярлалаа найзаа.

nirvana (зочин)

mnii id nirvana_re@yahoo.com add me

nirvana (зочин)

www.nirvana.gblog.mn

ebugen

Би өөрөө ч энэ үгийг анх сонсоод эрж хайсны дүнд юу гэдгийг нь мэдэж авсан бөлгөө.
Нирваан блогоор орж байна аа, сэтгэл хөдөлбөл сээгий исгэрч бас мэднэ, МОНГОЛ Монголдоо хайртай байх болтугай.

ebugen

Цэвэл гуайн толь дээр цамхайх гэж байна, тайлбар нь юмыг тэлж шахах, хэт их идээд гэдэс шахцалдах, цанхайх ч гэдэг гэжээ. Тэгэхээр юмыг тэлж цанхдахыг цамхайх, цамхдсан зүйлийг цамхраа гэдэг байхна.

oogii (зочин)

бой гэж яг юуг хэлж байгаан

ebugen

бойжуулах гэж үгийн үндэс байхаа... арчилгаа сувилгаа гэж тайлбарласан байх... тэгэхээр бойжуулж арчлах асрамжлах хэрэгцээ шаардлагатай буюу тийм үйл шаардахгүй насанд хүрээгүй гэсэн үг байх нь хэмээн ойлгож болох байхаа...

Зочин

бой нь арилаагүй... борви нь тэнийгээгүй...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)