ebugen : Монгол үг олъё-10 ба Судрын чуулган

Монгол үг олъё-10 ба Судрын чуулган

Монголын Илхаант улсын Хасан болон Өлзийт хааны үеийн төрийн сайд асан, Ираны Хамадани хотод төрсөн, жүүд гаралтай Рашид ад Дин Хасан хааны зарлигаар, Монгол, Перс, Хятад, Энэтхэг зэрэг олон үндэс угсааны, олон хэлний эрдэмтэд түүхчдийн тусламжтайгаар, тэр үеийн Монгол болон бусад улс түмний аман домог, түүх бичлэг  болон угийн бичиг зэргийг ашиглан, 1301-1311 онд бичсэн “Судрын чуулган” хэмээх бүтээл нь түүх, угсаатны зүйн томоохон бүтээл болохоос гадна хэл судлаачдын ч анхаарлыг зүй ёсоор татдаг болов уу хэмээн бодно. Учир нь уг бүтээлд зохиогч зарим монгол үгсийг шууд авч хэрэглэсэн тохиолдол цөөнгүй байдаг гэхээс гадна зарим нэр, үгийн утгыг “энэ үгийн утга нь” хэмээн гаргасан байдаг. Энэ бүтээлд гарах нэр ус, үгсийн дуудлага тухайн үгийн яг зөв дуудлага болон зөв утга гэх нь эргэлзээтэй (эртний перс хэл, дам орчуулга, хуулбар г.м) хэдий ч ойролцоо болов уу хэмээн найдна.

Рашид ад Дины ашигласан түүхийн сурвалжууд дотор “Алтан дэвтэр” хэмээгдсэн монгол сурвалж дурдагдан байх ба эрдэмтэд судлаачдын анхаарлыг ихээр татдаг юм. Түүний бичсэнчлэн “Үнэн түүхийг үеийн үед уламжлан монгол хэл дээр, монгол бичгээр бичиж байсан бөгөөд гэхдээ цуглуулан цэгцлэлгүйгээр тус тусад нь хаадын нууцад хадгалсаар байдаг билээ. Түүнийг гадны хүнд уншуулах нь битгий хэл өөрийн итгэлтэй сайн хүнд ч уншуулалгүй нууцлан битүүмжилсэн байдаг” гээд “...Хасан хаан, сэтгэлгээний хамгийн дээдэд хүрсэн буянт оюун билгээ энэ бүх бичээсийг цуглуулан цэгцэлсэн байхад анхаарч...эдгээрийг нэгтгэн цэгцлэх лүндэнг Рашид Хамаданы хүүд буулгав” хэмээжээ. Монголчуудын түүх, төрийн бодлогын тухай нууцлан чандалсан уг сурвалжийг зохиогч өөрийн биер уншиж, судалсан эсэх нь эргэлзээтэй бөгөөд хэсэгчлэн уншсан, эсвэл уншсан хүнээс (Болд чинсан, Хасан хаан г.м) дам авсан болов уу хэмээн бодогддог. Тухайн үед Илхаант улсад суух Их хааны элчин, Иран Туран дахь цэргийн захирагч, дөрвөн аймгийн Болд чинсан түүнд олон үнэтэй мэдээлэл өгсөн бөгөөд монголчуудын аман домог сэлтийг түүнээс тодруулсан байх үнэн магадтай юм. Рашид ад Дин бүтээлдээ түүнийг их ноён, Болд ах хэмээжээ.

Мөн тэрээр ”Монголчуудын заншил бол өвөг дээдсийнхээ уг удмыг хадгалан, шинэ төрсөн хүүхэд бүрд түүнийгээ зааж мэдүүлдэг болохоор дотор нь өөрийн аймаг, уг гарлыг мэддэггүй нэг ч хүн байдаггүй. Бүх аймаг тус бүрдээ ил тодорхой угийн бичигтэй” хэмээн бичсэн байдгаас үзвэл Монголчуудын угийн бичгийг шууд буюу дам хэрэглэсэн нь тодорхой байна.

Судрын чуулган нь Чингис хаанаас өмнөх болон дараах үеийг хамарсан хэдэн зуун жилийн түүх домгийг багтаан бичигдсэн бөгөөд түүхийн үнэ цэнэтэй сурвалж болдог хэдий ч 100% үнэн гэж болохгүй ба, харин тухайн үеийн буюу түүний амьдран байх үе, Иран дах Монголын хаант улсын хүрээн дэх мэдээ занги нь хамгийн үнэнд ойр байх магадтай юм. Юм хөгжсөн гэх өнөө үед ч 100 жилийн өмнөх битгий хэл 20, 30 жил, өчигдөр уржигдарын явдал ч 100% үнэнтэй байж чадахгүй л байгаа болохоор арга үгүй биз ээ. Амьдрал өөрөө олон өнгөтэй түүнээс хар цагааныг ялгах нь туйлын бэрх ажгуу.

Судрын чуулганд бичсэнчлэн “Чингис бол дэлхийг нэг л улс, түүний оршин суугчдыг нэгэн санаатан болгосон. Улсын дэвсгэр нутгийн бөмбөлөгийг алан хядагч, төрийг булаагч, хэрцгий догшин байлдан эзлэгчдээс цэвэрлээд өөрийнхөө нэрт төрөл төрөгсөд аугаа их залгамжлагчдадаа үлдээлээ... ...тэдний дараа алсыг харагч үр сад ба түүний дараачийн үеийнхэнд нь, өөрийнх нь ард түмний өнгөрсөнд нь тулгуурласан тодорхой нэр хүнд үлдэх ёстой” хэмээсэн нь тэр үеийн Монгол хаадын бодлого Монголын төр ёсны их алтан дэвтэр байсан буй заа хэмээгээд түүнийг уншин байх явцдаа олж харсан хэдэн үгийг хэлье.

Нирун-нуруу. Нирун монголчуудын дээдсийг Алунгоо эхийн ар нуруунаас төрсөн учир нуруун монгол хэмээдэг гэжээ.

Отчигин-гал голомтын эзэн. Эндээс үзвэл от гэдэг нь гал, харин чигин, игин хэмээх нь эзэн сахиус, сахиул гэх утгатай болов уу хэмээн мунхаглана. Эчиг буюу эцгээс чэгин, тэгин, эзэн хэмээх нь, гал утаа-голомт хэмээхээс от, утаа, гал хэмээсэн болов уу, буруу бол хэлтрүүлж хайрла. Ямартай ч орчин цагийн монгол хэлэнд отгон хүүхэд, голомтын эзэн хэмээх отгоныг өргөн хэрэглэж амуй.

Боржигин-хөх нүдтэй. Европ зүгийнхний шүүрч авдаг мэдээллүүдийн нэг, гэхдээ бид чинь тодорхой хэмжээгээр Төв Азийн Индо-Ари угсаатан болох Скифийн цустай шүү дээ, бүр Хүн нараас ч өмнө генетикийн солилцоо хийсэн нь нотлогдсон юм. (Эртний ДНХ-орчин үеийн ДНХ-г үзнэ үү) Чингис хааны дээд өвөгт нэгэн удаагийн хольцоор бүхэл бүтэн угсаатан өөрчлөгдөхгүй билээ. Одоо ч зарим монгол багачуул шав шар үстэй, өнгөт нүдтэй байдаг ба Монгол хүнийг хонгор үстэй, хонин бор нүдтэй гэдэг. Тэгээд ч бид Лениныг монгол цустай гэдэг ч тэрээр орос л хүн шүү дээ. Тэгж яривал цэвэр гүрж Сталиныг орос л гэдэг. Миний үзэхээр энд нөгөө эзэн буюу “жигин” гэдэг үг маань байж байх шиг. Тэгэхээр “Бор” гэдгийг тайлбал “Бор”-ын эзэн гэсэн утга гарах мэт.

Үлэхү-илүү. Илхаант улсыг үндэслэгч Чингис хааны ач тус эрхэмийг Хүлэгү, Хулагу, Үлэгү, Хөлөг гэх мэт олон янзаар тэмдэглэдэг билээ, харин Судрын чуулганд Үлэхү гээд энэ нь гоц гойд ялгарсан, илүү гэсэн утгатай хэмээжээ. Эндээс харвал энэ нь одоо моодонд ороод байгаа илүү хэмээх утгатай нэр байх нь.

Толуй-толь. Толуй ханыг өнгөрсний хойно Монголчууд бүрлээчийн нэрийг цээрлэдэг заншлын дагуу толь хэмээх үгийг хэрэглэхгүй болсон гэсэн байна. Тэгвэл хэдий үеэс эхлэн толь гэдэг үгийг эргэн хэрэглэсэн байх нь сонирхол татдаг.

Жочи-Цочирхон мэндэлсэн тул ийн нэрлэжээ гэжээ.

Гэндүү чоно-азарган буюу эр чоно. Хожмын дундад эртний Монгол сударчдын бүтээл дотор ч ингэж гардаг.

Сухай-одоог болтол нэгэн төрлийн бутыг ийнхүү нэрлэдэг. Тухайн үед сухайн бутан дунд өлгийдөөд орхисон хүүхдийн хойчис сухайт овогтон (Баарины салбар) болов гэжээ.

Чин-бат бэх. Эндээс Чингис хааны нэрийг үүссэн гэжээ. Чингис хааны нэрийг нэгэн шувуу дуугарснаас, мөн тэнгис далай гэдгээс үүссэн гэх ба сүүлийнх нь илүү үнэнд ойр гэж үздэг. Тэгэхдээ энэхүү чин гэсэн үгийн утгыг зөв гаргасан мэт. Одоо ч чин үнэн, чин сэтгэлээсээ гэж хэрэглэдэг. Хожмын чин ван хэмээх цол ч үүнтэй холбоотой байхыг үгүйсгэх аргагүй мэт. Тоглоом шоглоомоор хэлэхэд Солонгосууд бат бэх үнэн, чин сэтгэлийн үнэн, нээрэн гэхийг чин ча гэдэг билүү.

Инанч-үнэнч. Энэ инанчаас инаг буюу янаг хэмээх үг одоо хэрэглэгддэг ба тухайн үедээ үнэнч, итгэлтэй хэмээх утгатай байв. Ажилдаа янаг, нөхөртөө янаг гэвэл ажилдаа дуртай, ажил мэргэжилдээ үнэнч, нөхөртөө үнэнч гэх утга гарна.

Жусур-зусарч, бялдууч, ичгүүргүй

Кахурин-хулгайч, худалч

Хирилтуг-харамч, атаач хүн

Күран-хөрөө, хөрөө шиг гонгинуур дуутай

Хонхотан-том хамартай

Арулат-эрх энхрий

Үхэ-ширүүн, догшин зоригтой

Үлүг-юунаас ч үл айх зоригтой хүн. Илүүгийн хувилбар ч байж болох юм.

Энэ удаад ингээд зогсоё, хэт сунжрах нь байна.

 

 

 

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
Janna (зочин)

afghanistanuud (dari heleer): boroo-boroon, haich-kaichi, nuruu-nuru gedeg yum bna le. Adilhan baigaa biz de. Bi bas ih sonirhood l bgan.

MES POSTZ

Англи хэлэнд eat гэж үг байдаг нь ид гэдэгтэй төстэй энэ тэр гэж солиороод байхгүй юу хэхэх.

Машид сонирхол татах мэдээлэл бүлгээ.

RaiTo

Сонирхолтой байлаа. гснээс тэр ambassador гэдэг үг чинь манай Амбан сайд гэсэн үгээс гаралтай гэсэн үнэн болов уу?

ebugen

-Афганы хазара нарыг монгол гаралтай гэдэг, мөн Афган, Төмөрийн удмын Бабурын үндэслэсэн Моголын эзэнт улсын бүрэлдэхүүнд байсан билээ. Монголжуу хэлний ангилалаар баруун өмнөд монголжуу хэлний бүлэгт Афганы Херат орчмын Хазара хэл ордог юм билээ.
-eat it гэх нь ид ид гэж байгаа юм шиг сонсогддог :)
-ambassador гэдэг үг анх 14-р зуунаас хэрэглэгдэж эхэлсэн ба латин, испани, франц хэлнүүдэд хамааруулан үздэг юм билээ. 17-р зуунаас идэвхитэй хэрэглэгдэж эхэлжээ. Тэгэхээр яг эх гарвалыг баталчихсан зүйл үгүй мэт, судлаад үзвэл сонирхолтой л байх болов уу6

ebugen (зочин)

Судрын чуулганд утхи, МНТ-д утхияа хэмээхийг урт цагаан хэрмийг хэлэх үг гэдэг. Г.Сүхбаатар гуай энэ үгийн Хүн нарын Оүтү буюу Аотүө гэдэг үгтэй холбон хэрмийн харуулын цонж буюу цамхаг гэжээ. Ингээд хилийн харуулын зангийг оуто ван гэдэг байжээ гэсэн байна. Судлаачид уг Оуто-г отог гэдэг үгтэй холбодог.

ebugen (зочин)

Боржигины дээд өвгийн талаархи нэгэн таамаг
http://www.mongolcc.org/index.php?option=com_content&task=view&id=115&Itemid=27
холбоосноос уншина уу

ebugen

Өнөөдөр эмээгээсээ нэгэн сонин дуулав. Эмээ хэлэхдээ аав минь хөх нүдтэй хүн байсан гэхээр нь боржигин гэж хөх нүд гэсэн болохоор их л сонирхол татаад лавлаад асуусан чинь нэг нүд нь гэж байна. Бүр ч сонин санагдаад лавласан чинь нүдний солонгон бүрхэвчийг хэлээгүй зүгээр нүдний хүнхэрийн хөх туяаг хэлсэн юмсанжээ. Тэгэхээр монголчууд хөх нүдтэй гэж тэс өмнөө юм ярьдаг байна, боржигины хөх нүд гэснийг тэс өөрөөр ойлгох хувилбар бас байгаа юм байна даа гэж бодогдов.

dolugen (зочин)

Ih sonirholtoi niitlel baina, talarhay.

Mongolchuudyn huh unguny bilegdel sonirholtoi sanagdaj baina.

DK (зочин)

ebugend manai eej bas borjigon, tegeed manai eej bas yaag ter nudnii huree ni huh tuyatai sh t

Zochi (зочин)

Mash goy tsaash vrgeljlvvleerei

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)