ebugen : Монгол үг олъё-7

Монгол үг олъё-7

Надад нэг санаа байнаа. Гого-ийн админ ч юм уу эсвэл аль нэг гишүүн нь, гишүүд орж мэдэх үг хэллэгээ тайлбартай оруулж, ангилал үүсгэдэг, ангилал дотроо үсгийн дарааллаар эрэмбэлсэн, “Монгол үг, хэллэг, нэршил” гэсэн хуудас нээгээд орхивол яваандаа тайлбар толь маягтай болох юм биш үү гэж бодогдоод байгаа юм аа. Гого блогт ургамал, загас бичиж байгаа хүмүүс байна, газар ус, хүний оноосон нэрүүд байна, ер нь бол нөөц байна гэж үзэж байна. Зохиомол үг ч болно шүү дээ, хэрэглээ болж чадвал Монгол хэл маань л баяжина. Жишээ нь төсөрхөн Чимэгбаатар абугай гурван ч шинэ үг зохиосон байсан, комъпюторыг цахимж, сэнжтэй аяга буюу кружкаг борх, стаканыг гонз гэж...эхний хоёр нь таалагдсан, харин стаканы хувьд Монгол хэлэнд цом гэж үг байдаг болон цомбон туурай гэх мэт хэлбэр заасан бэлэн үг байгаа тул шилэн цом, эсвэл цомбо, цомбого гэвэл зүгээр юм, мөн Монголын нууц товчоонд “Хан эцгийн хөх чун” гэж гардагийн “чун” хэмээх үгийг ч хэрэглэж болох юм гэхчилэн шүүмж, санал, тайлбар нэмэрлэсэн, үгнүүдтэй томоохон үгсийн сан бүрдэх болов уу хэмээн бодсон юм аа. Хэрэв энэ нь өргөжиж чадвал Я.Цэвэл абугайн “Монгол хэлний товч тайлбар толь”-оос гадна бас нэгэн өвөрмөц тайлбар толь бий болох болов уу хэмээн найдна. Ингээд энэ санааг хэрэгжүүлнэ гэдэгт эрхэм нөхдөд найдан би өөрийн “Монгол үг олъё” сэдвээ өөрийн сонирхолын дагуу уншсан түүхийн ном зохиолд гарах сонин, хэрэглээ нь буурсан, хэрэглэгдэхээ байсан үгнүүдийг оруулж байхаар шийдлээ. Мөн эдгээр үгнүүдийг http://toli.query.mn/ -д орж хайвал нэлээн олон нэмэлт утга олж болох байх аа хэмээн найдна.

Алдарт “Монголын нууц товчоо”-ны эхийг Ш.Чоймаа багш шинээр хөрвүүлэн буулгаж, тайлбар хийн, 2006 онд хэвлүүлсэнээс:

Гурван “нүүрдийн” газраа-гурван нүүдлийн газраа (эндээс харахад нүүдлийн гэхийг нүүрдийн  гэх ба гурван хүний нүүр харсан гэсэн утга байна хэмээн бодлоо)

Иргэн-хүмүүс, албат олон, улс аймаг зэргийн олон утгаар тохиолдоно

Харуутай тэрэг-бүрхүүл, саравч бүхий тэрэг

Өлжиг-мухлаг тэрэгний өмнөх, ил суудал

Чөх буга-гурван настай буга 

Хөншилмөл мах-хуршсан үүц мах (хиншүү гэх үг эндээс гарсан байх) 

Мөс-сумны мод

Бидүүлж-хэсүүлж, тойруулж (бидэн буюу бядан явагч бялзуухай)

Тугаарын-саяын, тун саяхан

Сүюгэр үг, сүюх-соён сурган хэлэх сургаал үг, соёрхох (төрийн соёрхолт)

Адуусан, идээн-мал хөрөнгө гэсэн тогтсон хэлц үг...  за, дараа үргэлжлүүлье. 

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
е (зочин)

За бас нэг санаа, хоолны зөвлөмжүүдийг нэгтгээд хоолны тухай ч юм уу, зөвлөмжүүдийг нэгтгэвэл бас нэг сайхан зүйл болох байх аа

Галавсай (зочин)

Харин тийм. Яг энэ талаар нэг юм бичье даа гэж бодож явсым. Яг л хэлье гэснийг маань хэлчих шиг боллоо. Ингээл бичих юмгүй болгочоод байгаам даа хэхэ. Монгол хэлэнд хэргэлэгддэг гадаад үгсийг амар хялбараар монгол үгээр орлуулж хэргэлэх г.м.

Надад бас тэр гонз борх хоёр их таалагдсан.

Очирхуяг (зочин)

http://toli.query.mn рүү нэг ороод үзээрэй. Тэнд бүртгүүлээд үг нэмээд байж болно. Цахимж, борх гэдэг үгс таалагдаж байна. Нэг газар бичээд тавих, эсвэл ном болгоод хэвлэх нэг асуудал, хүмүүст хэрэглүүлэхийн тулд харин яах ёстой юм бол доо.

ebugen

Та нөхдийн санаачлагыг бүрэн дүүрэн дэмжиж, та нөхдөд талархаж байгаа гэдгээ юуны өмнө хэлье. Гэхдээ миний бодлоор Цэвэл гуайн толийг нэг их эвдмээргүй байгаа юм, яагаад гэвэл тэр чинь монгол хадмалтай шүү дээ, тэгээд ч тэр хүний нөр их хөдөлмөр, түүнийг ариутган шүүгээгүй элдэв үгээр хачирламааргүй байгаа юм. Харин хавсралт дагалт маягаар шинэ үг хэллэг, мөн тольд байхгүй үг хэллэг орсон хавсралт ч юм уу, дэд дэвтэр ч гэх юм уу хийвэл дээр юм шиг бодогдож байгаа юм. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

зочин 1234 (зочин)

Сайн байцгаана уу та нарын санаачилж байгаа зүйл их сайн хэрэг болоод байгаа билээ. Монголчуудад гадаадын өв соёл орж ирэх бүртээ гадаад үг хэллэг илүү далайцтайгаар орж ирж байгаа энэ үед энэ санаа нь нэн түрүүнд тавих зүйл яалт ч үгүй мөн. Хэрвээ цэвэл гуайн толь үнэхээр сайн болсон бол нэг юмаар дагнан ард иргэддээ сурталчилж түгээн тараах нь зүйтэй болов уу гэж бодож байна. Надад цахимж, цомбо гэдэг үгнүүд таалагдлаа цаашдаа хэрэглэж байна аа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)