ebugen : Сурвалж ба Домгоос үүдсэн санаа

Сурвалж ба Домгоос үүдсэн санаа

Монголчуудын гарал үүслийн талаар эртний сурвалж бичгүүдэд юу гэж байдгийг нэхэн сөхвөл: Мэдээж Монголын Нууц Товчоог сөхөнгүүт Бүртэ Чиноос эхлэдэгийг, Арван Төрийн Буянт Цагаан Номын Түүх (Цагаан түүх)-нд Энэтхэг Төвдийн хаанаас удамтай Бүртэ чино хэмээн эхэлдэг ба энэ үеэс хойш 19-р зуун хүртэлх Монголын сурвалжууд энэ үзлийг баримтлах болсныг бид мэдэх билээ. Харин Рашид ад Дины Судрын чуулганд 13-р зуунд Иранд очсон Монголчууд түүний дотор Болод чинсангийн мэддэг байсан домгоос үндэслэн МНТ-нд байдаггүй нэлээн зүйлийг оруулсан байдаг. Үүнд: “Олон зуун жилийн тэртээ (13-р зуунаас) Монголчууд Түрэг хэлт овог аймгуудад цохигдон олон хүн алагдаж олзлогдон зөвхөн Никуз (нохос), Хиан (Хиад гэдгийн ганц тоо) хоёр тэргүүлэх ястан үлдэж дутаан Эргүнэ-Кун хэмээх газар очиж нуугдан нутагласан ба Эргүнэ гэдэг нь эгц уул, Кун гэдэг нь ташуу уул гэсэн үг” хэмээжээ. МНТ-нд энэ тухай дурдаагүй нь тэр үед Монголчууд их гүрнийг байгуулаад байсан цаг үе тул түүх бичлэгтээ бусдад дийлдэж явсанаа дурсаагүй бөгөөд зөвхөн аман домогтоо үлдээсэн болов уу гэж бодогдоно. Эргүнэ-Кунгийн домог бол Монгол түмний дунд ихээхэн тархсан домог билээ. Домог ёсоор Монголчууд тэндээ 400 гаруй жил суусан бөгөөд тус 2 яснаас салбарлан урианхай, хонгирад, ихирэс, олхунуд, элжигэн, арлуд, сүлдүс, баяуд зэрэг 20 гаруй овог үүссэнийг Рашид ад Дин тэмдэглэн үлдээжээ. Эрдэмтэн Лю Жэнсо 70 овог аймаг болон салбарласан хэмээсэн байдаг. Эдгээр овог аймгийг Дарлигин Монгол гэх бөгөөд энэ нь нийт Монгол угсаатны нэгхэн хэсэг бөгөөд Монгол угсаатан үүний өмнө олон янзын нэрээр оршин байсан ба Түрэгүүдийн харъяанд орсон нь ч мөн байсан нь магад бөгөөд харин нийт Монгол угсаатан Монгол нэрийн дор нэгэн үндэстэн болж бүрэлдэхийн эхлэл болсон буйзаа. Дарлигин Монголын зонхилогч нь Бүртэ чино байсан ба түүний хүү Батач хан гол монголыг захирч байв гэжээ. Үүнээс хойшихыг МНТ-оор бид бүхэн мэдэх билээ. Эндээс он цагийг хөөн Бүртэ чино 758 онд, Боданчар 970 онд, Чингис хаан 1162 онд тус тус төрсөн болж таардаг. Бүртэ чино Хүн нарын үеийн Лин ху буюу ойн иргэдийн удмын Гоо Маралыг хатан болгон авсан бөгөөд энэ тухай Лувсанчойндонгийн “Монголын зан аалийн ойлбор”-т “3-р хөвгүүн Бүртэ чино бие буруулж, Өөлд улсад ирж нутаглав. Бүртэ чино болбоос Өөлд аймгийн Гоо Маралыг биедээ гэргий болгон авсан” гэдэг байна. (чухам энэ үеэс “Өвөгтөн гурван голынхон, өрөөлтөн бусад монгол” гэсэн нэр томъёо үүссэн болов уу гэж судлаачид үздэг) Энэ нь нэлээн эрт үеэс ихэс дээдсийн баримталж ирсэн ургийн ёс болов уу хэмээн бодогддог. Учир нь Монголчууд өөрийн овгоос эхнэр авдаггүй уламжлал нэн эртнийх бөгөөд Бүртэ чиноос хойш Боржигидай мэргэн гэргий Монголжин Гоог ойн иргэнээс авсан,  Добу мэргэн гэргий Алун Гоог Монгол туургатны нэгэн ойн иргэний угсаа Хорь түмэдээс авсан (Энэ тухай МНТ-д “Баргужин төхөмийн эзэн Баргудай мэргэний охин Баргужин гоо нэртэй охиныг Хорь түмэдийн ноён Хорилардай мэргэнээ өгөгдсөн ажгуу. Хорь түмэдийн газраа, Ариг уснаа Хорилардай мэргэний Баргужин гоогоос төрсөн Алан Гоо нэртэй охин тэр” гэжээ), Есүхэй баатар Олхунудаас Өлүн үжинийг, Чингис хаан Хонгиродоос Бөртэ үжинийг авсан зэргээс харагдана. Бүртэ чино-ын удам Добу мэргэнийг үгүй болсоны хойно Алунгоо эхээс гурван хүү төрсний отгон нь Боданчар билээ. Судрын чуулганд “Алунгоо эхийн 5-р хөвгүүн боржигин овгийн Боданчар мунхаг байгуулсан улсаа Монгол хэмээн нэрлэж хан цолтой байсан” гэж тэмдэглэн үлдээсэн байдаг. Мөн Монгол сурвалжуудад Боданчарыг Монхан хэмээн тэмдэглэсэн байдгаас үзвэл мунхаг гэдэг маань Монгол Хаган, Монхаган, Монхан гэсэн үг биш биз хэмээн бодогдлоо. Бас ч хаган бус хан гэснийг бодоход тэр үеийн нийт Монгол угсаатний хаган бус нэгэн салбар аймгийн хан буюу тэргүүн байсан болов уу. Учир нь хаган бол хануудын бүгдийн хан гэсэн утгыг илэрхийлдэг. Судрын чуулганд “Алунгоогийн овгоос түүний нөхөр буюу Добу баяныг үгүй болсноос хойш гарсан аймгуудыг монгол-нирун гэдэг...Монголчуудын санаж батлан хэлж байгаагаар Алунгоо нөхрөө үхсэнээс хойш туяанаас жирэмслээд төрүүлсэн гурван хүүгийн овогт хамаарагдах хүмүүсийг нирун гэдэг. Нирун гэдгийн утга нь Персээр “солб” (нуруу) юм. Эдгээр хөвгүүд гэрлээс гарсан учир ариун нурууг заадаг” гээд “Алунгоогийн гурван хөвгүүнээс гарсан бүх олон салбар аймгийг Нирун гэдэг нь бэлгийн бусаар, нуруунаас төрсөн учир юм. Энэ нь Алунгоогийн ариун нуруу хэвлийг битүүхэн зааж байна. Эдгээр аймаг дундаас гарах том сувд модны үр адил бусад аймгаас ялгаран нэн дээд зэргээр хүндлэгддэг” гэжээ. Энэ тухай МНТ-нд ч тэмдэглэн үлдээсэн билээ. Ингэж энэ үеэс эхлэн Монголчуудын удирдлага Дарлигин Монголоос Нирун Монголд шилжсэн гэж үздэг. Эндээс эхлэн одоо баримтлан буй түүхийн “хайрцаг”-наас гарах хэрэгтэй мэт болдог. Юун хэмээвээс МНТ-ны эхлэл дэх Хабул хааныг хүртэлх үеийг шууд утгаар нь бус харин ямар нэг нууц далд утгаар Монголчуудын гарал үүслийг тайлбарласан юм биш биз гэх бодол төрдөг. Ингээд надад төрсөн сэтгэгдлийг буулгасугай, харин харааж загнах хэн нэгэн байвал загнатугай, тунгаан бодох нэгэн байвал тунгаатугай хэмээвэй. 

Нирун Монгол гэдэг бол Алунгоо эхийн ариун нуруунаас төрсөн тэнгэрийн хөвгүүдийн залгамж удам гэсэн домог бөгөөд доктор Гүнжийн Сүхбаатар гуай энэхүү домгийг Их Нирун улсын үеийн домог болохыг “Монгол Нирун Улс 330-555” бүтээлдээ тодорхой тайлбарласан байдаг. Тэгэхээр Бугу Хатаги, Бухату Салжи, Боданчар Мунхаг нар Нируны хаадын овгийн анхдагч нь болох бөгөөд Хятадын сурвалжид тэмдэглэснээс үзвэл Нируны хаадын овгийн анхдагч нь Тобагийн Ливэй хаан (220-277 он)-ы сүүл үеэр Тоба Вэй улсад олзлогдсон Мугулюй хэмээгч хүү байгаад хожим Муди хаан (304-316 он)-ы үед цэрэг татлагын товоос хоцорч цаазлах яланд унасан тул оргож Нируны үндсийг тавьжээ гэдэг. Энд МНТ-ны Боданчар мунхаг ах нартаа адлагдан Онон мөрний Балжун арал хүрч суусан ба дараа нь ах захгүй хэсэг иргэн нүүж ирснийг араас нь ирсэн ах дүү нарын хамтаар дагуулиж эзэн суув гэсэн хэсэг буйтай харгах мэт. Мугулюйн хүү эрэлхэг зоригтой дайчнаараа нэрд гарсан Цзюйлухуэй олон аймгийн эзэн болоод анх Жоужан хэмээх хоч зүүдэг болжээ гэж Хятад сурвалжид байдаг. Үүнийг МНТ-той харгуулбал: Боданчар Жарчууд Аданхан Урианхай жирэмсэн эмэгтэйг барьж татвар болгосон нь Жажирдайг төрүүлсэн ба Жадараны өвөг болов, Боданчараас нэгэн хүү төрүүлсэн нь Бааридай түүний хөвгүүн Чидухул бөх гэснийг хятадууд Цзюйлухуэй хэмээсэн байж болох талтай. (Бөх гэж дайчин зоригтой чадалтай хүнийг хэлэх бусуу, Монгол үгийг хятадаар дуудахад хэрхэн хувирдагийг дараахь жишээнээс харж болно: Бодон гуу-Будунгоу, Гүн сухайт-Гунсухао, Бугат хот-Баотоу, Монгол-Мэнгү г.м) Тоба Вэй бол Сянби улсаас салбарлан гарсан бөгөөд түүхэн сурвалжаас үзвэл тэд Хүн гүрний үед МЭӨ 2-р зуунд Мао хан (Монхан гэдэгтэй төстэй байна) зонхилогчтой 36 аймаг, 99 овогтой байсан мэдээ байдаг. Хүн гүрнийг мөхсний хойно урагшлан нүүсээр өмнөд Хүн нартай нийлэн, одоогийн өвөр монголын баруун хэсэг, хойд хятадын нутагт төвлөн байрлаж, 313 онд Тоба Илү ноён Тоба улсыг үндэслэн 536 он хүртэл оршжээ. Тобаг Түрэгүүд Табгач гэдэг байсан байна. Тоба Вэй улсыг Юан Вэй улс ч гэдэг. Тэд мөн Сянбийн салбар болох Муюунчуудын үндэслэсэн хожуу Яан  улсыг цохижээ. Тоба болон Муюунчууд мөн Тогоончууд нь Сянбийн салбар салаа бөгөөд хойд Хятадыг эзлэн эзэн сууснаар хожмын Манжуудын замаар орсон билээ. Эдгээр улсуудын хойчис хожмоо өвөг Монголоос салбарласан Кидан буюу Хятан нарын болон Тангуд улсын ноёлогч овгууд байсан мэт байдаг билээ. Нируныг ч мөн Сянбигаас гаралтай гэдэг. Сянбичууд нь Дун Ху буюу Зүүн Хугийн салбар томхон аймгийн холбоо бөгөөд Нирунчуудын өмнө төв Монголд төрт улс байгуулан байсан билээ. Дун Хугийн баруун хэсэгт багтан Хянганы нурууны зүүн талд нь байсан Сянби, баруун өмнөд хэсгийн Ухуань, баруун хойд хэсгийн Муюн, Тоба аймгууд нь өвөг Монгол хэлтэй, хэл, соёл, шашин, зан заншил нь Хүн нартай үндсэндээ бараг адил, олон талаараа төстэй Монгол угсааны овог аймгууд (хожмын хамаг монгол, татар, хэрэйд, мэргид гэдэгтэй адил) байсан гэдэгтэй судлаачид санал нэгтэй байдаг ч барууны зарим түүхчид Зүүн Хугийн салбар гэдгээр нь Түнгүс гаралтай гэх нь бий ч Түнгүсүүд тэднээс нэлээн зүүн хойгуур байсан ба захиргаанд нь орж явсан бизээ. Тэдний урагшлан нүүсэн хэсэг нь Хятадад ууссан юм. Уусах явцад Сянби овгийн нэрийг хүртэл хан хятад болгон өөрчилсөн байдаг байна. Зарим жишээ дурдвал: Тоба гэдэг нэрийг-Юан, (хожим Хубилай хаан улсыг юунд Юан хэмээв) Гэгү-г Ху, Даши-г Ши, Еүлюй-г Еү, Шигихай-г Хай, Гүйдүн-г Гүй, Булиүгу-г Лу, Дүгү-г Лиү, Чилуо-г Луо, Шибэн-г Фэнг, Боши-г Бо, Будахан-г Хан, Чимэн-г Мэн, Чилу-г Зү, Тулай-г Жиү, Дабу-г Бао, Чину-г Лан гэх зэргээр өөрчилжээ. Сүүлчийн Чину гэдэг нь чоно гэсэн үг бололтой, учир нь Лан гэхийн ханз нь чоно гэсэн ханз байхыг миний бие Англи Япон толь бичгээс чадан ядан тодруулав. (Chinu (C) -> Lang ()) Хятад судлаач, ханз үсэгт тайлагдсан хүмүүс илүү олон нэрний утгыг гаргах байх хэмээн найдна. Өгүүлэн буй сэдвээсээ нэлээн хазайсны эцэст эргэн өгүүлэх нь: “Вэй улсын бичиг”, “Тан улсын хуучин бичиг” болон бусад сурвалжид өгүүлсэн мэдээнээс хөөн Г.Сүхбаатар “Монголын эртний түүх судлал” номондоо “Хятад сурвалж бичигт тэмдэглэгдсэн Сянби аймаг болох Тоба нарын нүүдлийн тухай домогт тэдний хаадын удмыг Хүн нарын Моду шаньюгаас эхлэн дурдсан байдаг гээд энэ нүүдлийн домог нь Рашид ад Дины Эргүнэ Кунгийн домгийн нэг хувилбар” хэмээн үзэж тайлбарласан байдаг. Хятадач Я.Ганбаатар “Хүннүгийн түүх соёл” номондоо Тобагийн нүүдлийн тухай “Сянби нарын дунд Монголын өвөг дээдэс Нирун ба Дарлигин хоёр аймаг байсан нь тодорхой болж байна гээд... МНТ-нд өгүүлдэгчлэн Бүртэ чино Гоо Марал хоёр тэнгис далайг гатлан Онон голын хөвөөнөө Бурхан Халдунд ирж нутаглав хэмээх нь чухам энэ энэ үйл явдал бөгөөд тэнгис гэдэг нь Хөлөн нуур болно гээд энэ үйл явдлыг МЭ 1-р зууны хэрэг явдал болно” гэжээ. Тэгэхээр энэ хоёр судлаач Эргүнэ Кунгийн домгийг Хятад сурвалжтай харгуулан Тобагийн нүүдлийг уг домогтой холбон үзсэн байна. Мөн Өвөр Монголын Ма Мөрөн “буга нохой шүтлэгт аймаг одоогоос 15 мянган жилийн өмнө Далай нуур, Хар мөрөн мужид байсан нутаглаж байсан” гэжээ. Энэ нутгаас олдсон 16 хүний гавлын ясыг судалсан эрдэмтэд тэдгээрийг дунд чулуун зэвсгийн үеийн монгол төрхтөн гээд “далайн хүн” хэмээн нэрлэсэн байдаг. Ма Мөрөн “эхэндээ тэд буга шүтлэгт, нохой (чоно) шүтлэгт аймгууд байгаад нэгдэн нийлж 8 мянган жилийн өмнө Сибирь, Монголын өндөрлөг, Хойд Хятадын ихэнхи нутгаар тархан суусан” гэжээ. Энд бас сонирхууштай нэгэн домог байдаг нь Түрэгийн уг гарвалын тухай Ашина овгийн домог юм. Хөх Түрэгийн улсын зонхилогч овог Ашинагийн домогт “Түрэгийн хөрш дайсагнагч аймаг (хятадын нэгэн угсаа) тэднийг довтлон юу ч үлдээлгүй хиар цохиж, тэднээс ганц хүү амьд үлдсэнийг нэгэн өлөгчин чоно авч тэжээн өсгөсөн ба тэр өлөгчин чоно тэр хүү хоёрын дундаас арван хүү төрсний нэг нь Ашина овгийн анхдагч болжээ” гэсэн домог юм. Энэ домогт Түрэгийн чоныг шүтэх үзлийг илтгэхээс гадна ялгаатай нь эмэгчин чоно байна. Эндээс үзвэл тэд угсаа гарвалаа өвөг түрэг ба чоно шүтлэгт аймгийн эмэгтэй нараас гарсан гэж үздэг байх талтай байна. 

Миний бодлоор чоно шүтлэгт аймаг нь Хүн нарын дээдэс, буга шүтлэгт нь  Лин Ху буюу ойн хугийн өвөг дээдэс мэт, тэгээд ч энэ нь Бүртэ чино Гоо Марал гэсэн нэртэй дүйцэх мэт бодогдоно. Судлаачид Бүртэ чино-ыг бодит хүн бөгөөд 8-р зуунд хамааруулдагийг дээр дурдсан билээ. Миний бодлоор одоо ч гэсэн Тэмүжин, Хасар, Алунгоо хэмээх нэртэй хүүхдүүд байсаар байгаагийн адил эртний домгоос улбаалан нэр авсан хожмын бодит хүмүн байхыг үгүйсгэх аргагүй. Боданчарын хойчис Нируны зонхилогч нар гэж үзсэнээс үүдэн Бүртэ Чино хэмээх бодит хүнийг нэлээн хөгшрүүлэх саналтай байна. Хүн нарын хааныг Хятад сурвалжид Чэнгли Хүтү Шанью гэхийг Тэнгэрийн хүү Чаню хэмээсэн утгатай гэдгийг олонхи судлаачид зөвшөөрдөг юм. Модун Шаньюг Моду Чаню (Хятад дуудлага нь Модун Шанью) гэх бөгөөд Моду нь одоогийн баатар хэмээх үг мөн хэмээн олон судлаачид үздэг бөгөөд эртний хэлбэр нь багатур, бахтур, бортур г.м олон янз байдгаас Моду Чаню бол Бүртэ Чино гэсэн саналтай байна. Эртний хүмүүсийн хувьд тал нутгийн араатны хаан бол чоно бөгөөд түүний дээр тэнгэр л байх бөгөөд тэнгэрийн элч бөгөөд шүтээн нь тэнгэрийн жигүүртэн байсан байх магадлал өндөр юм. Үүний жишээ болсон өвөр монголын нутгаас олдсон Хүн нарын хааны титмийн тухай өгүүлсү. Өвөр Монголын Үндэсний музейд буй уг алтан титэм түүний бүс нь архелогийн хосгүй олдвор бөгөөд титмийн орой хэсэг буюу овоодой дээр номин толгойтой алтан шонхор шувуу далавчаа дэлгэн сууж, сүр хүчийг үзүүлэх ба хүний толгойн хөдөлгөөнөөр толгой сүүл нь хөдөлж байхаар алтан утсаар холбон хийсэн нь тэнгэрийн элч жигүүртэн Шаньюн дээр байж түүний сүр хүчийг өгүүлэн байна. Овоодойг алтан ялтсаар хийсэн бөгөөд хээ угалз товойлгон, ирмэгий нь долгио гарган урласан бөгөөд нүүрэн талд нь эврээрээ газар цахлах аргалийг хөлнөөс нь зууж арагш угзрах чоныг товойлгон гаргасан нь Чанюг илэрхийлэх мэт, титмийн доод хэсэг болох бүслүүрийг алтаар урлан сүлжмэл хээ цохин адуу барс хонь зэргийг дүрсэлсэн нь Чанюн албат ард хараат түшмэг мэтийг илэрхийлэн харуулсан болов уу гэж бодогдохоор үнэхээр уран тансаг урлажээ. Энэ титэм нь шонхор шувуун шүтээнт тэнгэрийн хүү Чоно гэсэн санааг илтгэн харуулах мэтээ. Хүн гүрэн 24 овог аймгаас бүрдэх ба Г.Сүхбаатар болон гадны зарим судлаачдын үзэж байгаагаар тэдгээр овог аймагын дунд шонхор шүтээнт овгууд түүний дотор Хиан овог байсан гэж үздэг. МНТ-нд чоно буга шүтээнт аймгийн нэгдэл болон тэнгис гатлан энэ нутгийг эзэмшин хожим Бүртэ чино буюу Бортур Чаню эртний уламжлал ёсоор Буга шүтээнт Ойн иргэнээс Гоо Маралыг гэргий болгон Чингис хааны язгуур болсныг өгүүлсэн мэт санагдана. Түүхийн нугачаанд Хүн гүрэн задарч хойд Хүн нар баруун зүг нүүж, өмнөд Хүн нар Хан улсад даган байх үед Сянби тодрон гарч эх нутагтаа үлдсэн 600 000 мянган Хүн нарыг өөрийн харъяанд оруулжээ. (Хамаг Монгол Хэрэйдийг авах мэт) Түүний дараа Монголын тал нутгийг Алунгоо эхийн ариун нуруунаас төрсөн Г.Сүхбаатар гуайн нэрлэснээр Нирун Монголчууд (Хятадаар Жужан, Руран, Руру, Тантан, Татар, Түргээр Хүн хэмээдэг) захирах болсон ба тэд 552 онд гарсан тэдний хараат түшмэг төмөрлөг эдлэл, дарханы ажлаар алба барьдаг Ашина овгоор удирдуулсан Түрэгүүдийн бослогод дарагдан Их Нирун улс задарчээ. Эргүнэ Кунгийн домог бол миний үзэхээр энэ үеэс гарсан дам үг байх өндөр магадлалтай бөгөөд язгуур Монголчууд Түрэг хэлтэн овог аймагт шахуулсан үе нь 552-555 он бөгөөд энэ үед Нирунчуудын зонхилох аймаг болох Нохос буюу Чинос, Хиан хоёр аймаг Эргүнэ Кунд очиж үлдсэн аймгууд нь Түрэгийн харъяанд орж, баруун тийш зугтсан нь аварууд болжээ гэж үзэх үндэстэй байна. Аливаа үндэстэн угсаатан тэнгэрээс гэнэт бууж ирдэггүй, мөн газрын гаваар орсон мэт гэнэт алга болдоггүй билээ. Эргүнэ Кун бол эргэн тойрон уул хад, ой модоор хүрээлэгдсэн гаднаас ганцхан зөрөг замаар нэвтрэн орох боломжтой гэснээс үүдэн тус хоёр ястан тэр зөрөг замыг хаан шивээлэн сууж өөрсдийгөө хамгаалан байснаас үүдэн Шивэй, Монгол шивэй гэх нэр үүссэн байж болох талтай. Тэгээд ч Монгол Шивэйг тал нутгийн нүүдлийн соёлыг авч үлдсэн язгуурын Монгол гэдэг. Монголчууд тэнд 400 гаруй жил суусан гэдэг нь Түрэг, Уйгар, Киргизүүдийн Монголд эзэнт улсаа байгуулж байсан 555 оноос 10-р зууны эхэн хүртэлх хугацаатай тун ойролцоо байгаа юм. Хэрэв Боданчар мунхагийг Мугулюй гэж үзвэл Боданчарыг 260-аад оны үед байсан гэж үзэх бөгөөд Бүртэ Чиноос даруй 460-аад жилийн дараахь хэрэг явдал болно. Харин Боданчарыг Мао хан (Монхан гэдэгтэй төстэй байна)  гэдэг байсан, мөн Тобаг Дува, (дашрамд өгүүлэхэд эртний хятадын “Уул усны судар” хэмээхэд буга чоно шүтээнт аймгуудын тухай дурдахдаа “тэдний Гуй улс гэж бий, тэр улсын хүн нь хүн шиг царайтай атлаа ганц нүдтэй” гэсэн байдаг байна. Судлаачид үүнийг баг эсвэл дуулгатаа нэг нүх гаргасан байдгаас үүдсэн гэж үздэг) Добу, Табгачи гэхийг  Тамачи гэсэнтэй адилтгавал түүнийг МЭӨ 1-2-р зуунд бараг Моду Чанюгийн үед аваачиж байгаа бөгөөд чингэвэл Бүртэ чино нэн эртний хүн (домгийн хүн) болох нь байна. Энд авсан зарим нэг жишээ нь хэл шинжлэлд ардын этимологи гэгдэх үзлийн дагуу аливаа нэр томъёог үгийн гарал зүйн үүднээс бус авиазүйн талаас нь авч үзсэн болохоор тийм ч үнэмшилтэй сонсдохгүй тал байгаа боловч Нирун Монгол Алунгоогийн ариун нуруунаас төрсөн гэх домог болон Сүхбаатар гуайн хийсэн дүгнэлт тайлбарууд, Эргүнэ Кунгийн домог зэрэг нь ихээхэн авцалдаж байна хэмээн мөхөс хүн үзэж байгаа билээ. Тэгээд ч аливаа зүйл хайрцаг савнаасаа гарч байж хөгждөгийг санан энэхүү санаагаа бичихээр зориг шуудвай. Эцэст нь хэлэхэд Рашид ад Адины хэлсэнчлэн “бүгдийн эмээ ээж Алунгоо”-гийн эв эеэ хичээх тухай таван сумны сургаалийн домог одоо ч үнэ цэнээ алдаагүй бөгөөд үеийн үед Монголчуудын дагаж явах “ариун захиас, гэрээс” мэтээ. 

start=-29 , cViewSize=50 , cPageCount=1

21 сэтгэгдэл:

null
nandia (зочин)

Сайн мэдкүүмоо,Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн юу шиг гээд бдаг билээ,,,

martmaar (зочин)

яааг үнээн

Гал (зочин)

Манай түүхчид Монголын нууц товчоонд бичсэн бүхэнд баригдаад монголчуудын үүсэл гаралтай холбоотой цаг хугацааны асуудал дээр ноцтой алдаа гаргасаар байна.
Бөртэ чинаугаас Хамаг монголын хаан Хабулыг хүртэл иууцалсан кодоор оруулсан байгааг ерөөсөө анзаарахыг ч хүсэхгүй юм.
Бөртэ чинаугийн үе бол Хүннү гүрний Модун чинаугаас олон мянган жилийн өмнөх үе байх ёстой. Бөртэ чинаугийн үеийг одоогийн түүхчид шиг МЭ 7 дугаар зуун гэх юм бол монголчууд бид өөрсдийн угсаа гаралаа томоор доромжилсонтой адил юм шүү. Бодончир мухагийн үе ч мөн адил кодоор гаргах ёстой. Нэг нэрээр 9,19,29,39 гм үеийг кодолсон байх магадлалатай. Муха бол бяцхан, балчир гэсэн утгатай үг гэлцдэг юм билээ.


hamagmongol.blog.banjig.net

ebugen (зочин)

Судлаач Лха.Дарьсүрэн 1996 онд “...эртний нангиадын дүрс үсээр Хионну гэж тэмдэглэснийг хэрцгий боол хэмээн тайлбарласаар ирсэн нэгэн алдас бий. Гэтэл эртний нангиад хэлнээ боол гэдэг үгийг огт өөр дүрсээр тэмдэглэж байв. Хионну гэдэг үг Нострат хэлнээс салсан өвөг Монгол хэл буюу баруун, зүүн нострат хэлний хожуу үеийн Хүннү хэлний “Бидний чонос“ гэсэн утгатай эртний овог аймгуудыг нэгтгэсэн нэг гаралтай угсаатны нэр юм“ гэсэн байх юм.
Сонин л юм, хионну-сионну-чину-чинуа-чоно гэж байж болох л юм.

ebugen (зочин)

Монголын түүх судлал дахь нэгэн онцгой үзэгдэл болсон Г.Сүхбаатар гуай Эргүнэ күнгийн домгийг Тобагийн нүүдлийн домгийн нэгэн хувилбар хэмээн үзээд Мао хааныг Маодунь шанью мөн хэмээжээ.

ebugen (зочин)

Г.Сүхбаатар гуайшанью гэхийг сайн гэсэн үгбайх гэсэн байна, одоо ч сайд хэмээн хэрэглэдэг.

Stormy

Эх түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин мэт гэсэн үг бий. Гэвч үнэндээ залуус бидэнд барьж аваад унших ном судар төдийлөн байхгүй учраас хояч үе маань эх түүхээ төдийлөн сйан мэдэхгүй байгаа гэж боддог. дээрээс нь энэ мэт судалгааны дориухан материал байхгүй, байсан ч хэвлэгдэн гарахгүй байгаа нь түүхийн судлагдах ажилд нэлээд садаа болдог болов уу. Энэ нийтлэл надад л лав тун сайн санагдлаа. Иймэрхүү нийтлэлийг түгээн дэлгэрүүлж байхад буруудах зүйлгүй гэж бодож байна.

Amin-Erdene (зочин)

Ebugen tanitai bi uulzaj uzhiig uneheer ih husej bnaa. Tanii bichsen zuils ih gaihaltai ta ch mon adil gaihaltai hun bhaa. Mi bodloor bid borte choniin udam bish alungoo ehiin udam buyu oird garaltai ulsuud yum bn mon bodanchariin etseg n egel jiriin hun bsan gj bodogdoj bn. ergune gungiin domog manai ernii omnoh bsan bol buten myanganiig davsan domog bolj taarna. mon bid hyatad garaltai bolohnee. ghde bodanchar munhag 900 ond bsan ba tednii ezelsen hun n hyatadiin durvegchid harin jamuhiin ovog ter tatvar emegtein garal n bas hyatad bolj baih shig sanagdaj bn

ebugen

Яагаад хятад гаралтай гэж бодогдов, тэр үед хятадын соёл болон суурин иргэд нүүдэлчин болон суурин соёлын хил болсон шар мөрөн, цагаан хэрэмийг давж нутагладаггүй байсан гэж боддог. Тиймээс хятадын буюу суурин иргэншлийн тухай ойлголт энд байхгүй. Жамухын өвөг нь урианхай шүү дээ.

bulgan (зочин)

Tun sonirholtoi, minii bas yzej, harj yavdag sedev hundugdsund bayartai baina. Hysehed jamuuhiin ovog URIANHAI gedgiig yaj delgeruulj unshij, lavlah ve.

ebugen

Bulgan-д
МНТ-д Бодончор нэгэн бие давхар эмэгтэйг олзолж, юун хүмүн хэмээвээс... Урианхайжин (урианхай эмэгтэй хүн)гэдэг. Тэр эмэгтэй Жажирдай-г төрүүлсэн... Тэр нь Жадараны дээдэс болжээ... гэдэг. Урианхай бол эртний Монгол овог бөгөөд Дарлиган Монголын нэг овог байжээ. Мөн дундад эртний бүтээлүүдээс харж болно.

yuji (зочин)

tiuuuuuuuuuuuun yar goooooooiin

Dorjoo (зочин)

Ystoi shan2 yum bichigdsen bnaa bayrlaa

manduul (зочин)

ene niitleliig bichsen tand bayrlalaa

baysa (зочин)

mash ih taalagdlaa iimerhuu tuuhiin holbogdoltoi niitleliig online aar yamar siter delgerengui unshij boloh we?

9a (зочин)

Маш их тус боллоо.Энийг нийтэлсэн хүнд үнэхээр их баярлалаа.Дахин дахин янз бүрийн олддоггүй домогуудыг бичиж байгаарай!!!

erke (зочин)

ene domog ni bhku muu

Нямка (зочин)

Их олон зүйлийг мэдэж авлаа шүү

Нямка (зочин)

555 оноос Эргүнэ-кунд урианхай, хонгирад, ихирэс, олхунуд, элжигэн, арлуд, сүлдүс, баяуд зэрэг 20 гаруй овог үүссэн. Боданчараас Бүртэ Чино 460-р эртнийх, Бүртэ чино Өөлд угсаанаас эхнэр авсан гэхээр Өөлд овог нь дээрх овогуудаас хамаагүй эрт бий болсон овог байхна ээ.

solongoo (зочин)

oor bhgui niitleliig taviarai

solongoo (зочин)

oor bhgui niitleliig taviarai

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)