ebugen : Уйгаруудын тухай

Уйгаруудын тухай

Төв Азийн соёл уламжлал, үндэстнүүдийн түүхэнд гүнзгий мөр үлдээсэн 4000 жилийн түүхтэй эртний маш гайхамшигт соёл иргэншлтэй энэ ард түмний археологийн дурсгалууд Берлин, Лондон, Парис, Токио, Санкт Петербург, Шинэ Дэли хотуудын музейд халгалагдан байна. 19-р зууны сүүл 20-р зууны эхээр шинжилгээний експедици Уйгарстаны (одоогийн Шинжиан Уйгарын Өөртөө Засах Орныг Уйгарстан гэв) торгоны замын бүс нутагт археологийн судалгаа явуулж Европ, Америк, Японы судлаачдын гайхаш шагшралыг төрүүлсэн агуйн сүм хийдүүд, сүмийн үлдэгдэл, ханын чимэг зураг, ном бичгийн дурсгал олж олны хүртээл болгожээ. Эдгээр олдвор болон гар урлалын зүйлс бичиг баримт нь энэ бүс нутагт маш өндөр соёл иргэншил байсныг илтгэж байгаа юм. Мөн 981-984 онуудад Харахожагийн Уйгарын хаант улсад очсон Хятадын элч Ван Яандэгийн тэмдэглэлд “Уйгарын хаант улсын энэ их соёлыг гайхаад баршгүй, сайхан сүм хийд, ханын чимэглэл зураг, хөшөө баримал, цамхаг гандирас, цэцэрлэг, байшин барилгын гайхамшгийг тодорхойлон бичихийн аргагүй , тэд ваар сав болон алт мөнгөн урлал хийхдээ үнэхээр чадварлаг” гэж байв. (гэсэн хэдий ч хятадууд зэрлэг ху нар л гэдэг шүү дээ) Уйгарстанд археологийн судалгаагаар 77 агуйн сүм хийдийг илрүүлсэн ба тэдгээр нь ихэнхи нь тэгш өнцөгт хэлбэртэй бөмбөгөр оройтой ихэвчлэн 4 тасалгаатай, тасалгаа бүр нь бурханы хөрөг зурган чимэглэлтэй ханатай, тааз нь зуу зуун бурханы зурагтай  зарим хана нь Будда болон түүнийг хүрээлсэн байгаль, амьтан, эд зүйлс болон Энэтхэг, Перс, Европ архадын зурагтай (зургийн зарим нь энгийн зарим нь үнэхээр шүтээн урлагийн сод бүтээлүүд) байсан байна. Эмнэлэг анагаах ухаан өргөн цар хүрээтэй сайн хөгжсөн байлаа. Сүн улсын сурвалжаас үзвэл хятадын анагаах ухаанаас илүү өндөр хөгжсөн, тэдний маш олон төрлийн эм, эмийн ургамлыг хятадууд мэддэггүй байжээ. Зарим судлаачдын үздэгээр зүүгээр анагаах ухаан нь хятадын бус Уйгар гаралтай гэдэг. Уйгарууд хөгжмийн өндөр соёлтой бөгөөд 62 төрлийн хөгжмийн зэмсэг байдгаас айл бүр нь Дутар гэх хөгжмийн зэмсгийг гэртээ байлгадаг гэжээ. Уйгарын аман зохиолын баатарлаг туульсийн дуулал нь 12 мугам ба энэ нь тэдний хөгжмийн гол хэлбэр сонгодог хэв маяг бөгөөд ЮНЕСКО-ийн хүн төрөлхтөний соёлын өвд бүртгэгдсэн байдаг. Эртний Уйгарууд Арамей бичгээс эхтэй Согд бичгээс эх аван өөрсдийн босоо бичиг үсгийг зохион хэрэглэж байснаар Бурханы болон Манейхист шашны зохиол бүтээлүүдийн орчуулга мөн шүлэг найраг, тууж өгүүллэг, баатарлаг туульсуудыг бүтээжээ. (Монгол бичгийн эх) 11-р зуунаас хүмүүс нь лалын шашинд ихээр орж Фарс Урду бичигтэй адил Араб суурьтай түрэг бичгийг хэрэглэж эхэлжээ. Уйгарын хүч чадал, нэр нөлөө, алдар суу, соёл иргэншил нь Төв Азид мянган жил дуурсан байгаад Манжийн ноёрхолоор огцом үгүй болжээ.

 

Уйгарууд нь түрэг угсаатны бүлэгт багтдаг үндэстэн бөгөөд Шинжиан Уйгарын өөртөө засах оронд төвлөрөн суудаг. 1990 оны хүн амын тооллогоор Шинжиан Уйгарын өөртөө засах оронд 7.2 сая Уйгар үндэстэн бүртгэгджээ. Мөн Казахстан, Киргизстан, Узбекистанд байх бөгөөд цөөн тоогоор Монгол, Пакистан, Афганистан, Турк, Орост байх ажээ.

 

Уйгар хэмээх нэрний тухайд гэвэл Хятад сурвалжуудад Хөх түрэгийн үед анх үзэгдэж эхэлсэн ба Түрэгийн харъяан дахь суурьшмал иргэдийг нүүдэлчин иргэдээс ялган  дуудсан байснаас үэхэд Уйгарууд эрт дээр үеэс суурьшмал хүмүүс байсан гэж үзэх үндэстэй юм. Тэгэхдээ Уйгар хэмээх нэрний тухайд одоог хүртэл нэгдмэл ойлголтонд хүрээгүй байгаа бөгөөд Тогуз- огуз буюу 9 аймгийн нэгдлийн нэг аймаг нь Уйгарууд нэртэй байсан, Хятадын сурвалж дахь Хуй ху гэдгээс, түрэг хэлний “түргэн хүмүүс” (уйга-хурдан, ур- хүн) гэдгээс үүссэн хэмээх 3 баримтлал голлож байна. 386-534 он буюу хойд Вэй улсын үеийн хятад сурвалжид  Уйгар буюу Тэлэ аймгуудыг Гаочэ (өндөр тэрэгт) гэдэг байсан байна. 

 

Уйгарууд анх Алтайн уулсын баруун талаас гарч хөгжөөд (Алтай олон үндэстний өлгий нутаг) Уйгаруудын өвөг төмөр боловсруулах өндөр ур чадвар бүхий Тэлэ аймгуудын жижиг эвсэл байгуулан Динлины бүрэлдэхүүнд байгаад 7-р зуунд Уйгарын хаант улсыг байгуулснаар тус улсын иргэдийг Уйгарууд нэрийн дор ойлгон байсан ба 9-р зуунд Уйгарын эзэнт улс унасны хойно Киркизүүдэд түрэгдэн Таримын хөндий Турфанд ирж  Тугаруудтай холилдон одоогийн Уйгар үндэстний суурийг тавьжээ. Тугаруудыг эрт  цагт Хүннүд (Утгыг нь бодсон ч гэсэн Хүннү гэхийн оронд Рэнчин абугайн бичиж байсанчлан Хүн гүрэн, Хүн улс Хүн нар гэмээр байгаа юм) цохигдон Таримын хөндийд ирсэн Юэжчи аймаг, хожмын Кушанчуудын нэг хэсэг гэж үздэг (зарим нь тусдаа гэх нь бий) ба тэд Энэтхэг-европ язгуурын хэл, бичиг үсэгтэй Индо Ари угсааны буюу европжуу төрхийн бурханы шашинт улс түмэн байжээ. Одоогийн Уйгар хүмүүсийн генетикийн судалгаанд өрнө болон дорнын хүн судлалын онцлог шинжүүд холилдон байх ажээ. Судалгаагаар тэдний генетикийн бүрэлдэхүүн хэсгийн 60% нь европ (европоос гадна дундад болон өмнөд ази буюу энэтхэг, пакистан, шри ланка) 40% нь зүүн ази (монгол япон хятад солонгос зүүн өмнөд азийн номхон далайн уугуул филлипин тайван) өвгийн холимог буюу 107-146 үе (нэг үе нь 20 жил) буюу 2140-2920 жилийн өмнөөс эхлэн холилдсон гэх үзүүлэлт гарсан байна. 

 

Түрэг угсааны Тэлэ аймгуудын холбоо (“Тогуз- огуз” буюу “9 аймаг”-Уйгар, Сыр-Тардуш, Басмыл, Огуз, Хазар, Аланчууд, Киргиз, Тува, Якут)  гарал үүслийн хувьд тэднээс өөр угсаатан болох Хүн гүрэнд МЭӨ 300 онд дийлдэн захиргаанд нь оров. Хүн гүрэн задарсны хойно хэсэг тусгаар оршин байсан тэднийг Нирун улс эрхшээлдээ оруулжээ. Нирун улсын хүч доройтсон үед Тэлэ аймгийн холбоо Монголын тал нутагт ноёрхохын төлөө Хөх Түрэгийн эсрэг тэмцэлдэн 546 онд хийсэн амжилтгүй тулалдаанд дийлдэн захирагджээ. 600 онд Хятадын Сүй улс Туул голын хөндийд нутаглан бүхий 10000 гэр өрхтэй Уйгар (Хятад сурвалжид Уйгар хэмээх нэр анх гарсан нь энэ бөлгөө) аймгийн хан Эрхэт Тэгинтэй Хөх Түрэгийн эсрэг холбоо тогтоосон байна. 611 онд Сыр-тардуш аймгаар удирдуулсан (Уйгар аймаг 2-р зэрэглэлд байв) Тэлэ аймгийн холбоо Хятадтай холбоолон ХөхТүрэгийн эсрэг тэмцэн 630 онд Түрэгийн анхны эзэнт улсыг унагав. 646 онд Тэлэ аймгийн холбоонд Уйгар аймаг зонхилох болж хаан Түмтү Илтбэр нь Хятадын хаанаас цол хүртэн Сыр-тардушийн ноёрхолыг унагав. Монголын тал нутаг дахь Уйгарын ноёрхол удсангүй 683 онд хаан Тугайг Хөх Түргэд ялагдан Сэлэнгийн хөндий рүү шахагджээ. 742 онд Уйгарууд Харлуг болон Басмылуудтай хамтран 2-р Хөх Түрэгийн эсрэг босч 744 оны Таласын шийдвэрлэх тулалдаанд ялж,  Басмылчууд Түрэгийн нийслэлийг авч хаан Эзмишийг олзолсон авч холбоотнуудын дунд хагарал гаран Уйгар Харлуг хоёр хамсан Басмылчуудыг цохин удирдагчийг нь цаазлан хороож албат иргэдийг нь хамжлага боол болгон заримыг нь хятадад боол болгон зарсан байна. Ингээд Уйгарын удирдагч Күтлүг Билэг Кэл хэмээх цолтойгоор Монголын тал нутагт хаан сууж Алтайн овог аймгуудыг захирсан Уйгарын хаант улсыг үндэслэн Харлугуудад баруун хязгаарыг мэдүүлж (хожим Чингис хааны зарлигаар Хубилай ноён цэрэглэн ороход Харлугуудын Арслан хаан элсэн дагажээ) Этүгэн ууланд Орд балык (Орд балгад) нийслэлийг бариулжээ. Тэрээр 747 онд өөд болж отгон хүү Буянчур нь Эл Этмиш Билэг Хаан болж хятадтай хилийн олон худалдааны боомт нээж, Сэлэнгийн хөндийд Бай балик (баян балгас) хотыг барьж, бүх талын нүүдэлчдийг эрхэндээ оруулав. 755 онд хятадын Тан улсын хаан дотоодын Ань Лушаны бослогыг даран хүч эс хүрэлцэн Уйгараас тусламж хүссэний дагуу хятадын босогчдыг даралцаж, өмнө зүгээс довтолсон Төвдүүдийг няцаан хариуд нь Тан улсаас алба татвар авах болж, Хятадын Нинго гүнжийг авав. 756 онд өөрсдийн тал нутгийн өрсөлдөгч болох Енесейн Киргизүүдийг цохин хааныг нь цаазлав. 759 онд Буянчур хан найран дээр хэтэртлээ их архи ууснаас өөд болж хүү Тэнгэр бэхи нь Хөтлүг Дархан Сэнгүн Хаан хэмээгдэв. Тэнгэр бэхи 762 онд Танмулсын хааны хүсэлтээр тэдэнтэй хавсран Төвдийн эсрэг байлдаж Тан улсын Төвдүүдэд алдсан баруун нийслэл нь болох Чангааныг эргүүлэн авч өгсөн байна. Энэ үеэр тэрээр Ираны Манихейст ламтай уулзан уг шашинд орж Уйгарын шашин болгожээ. 779 онд Тэнгэр бэхи Орд балгадад байсан Согдын худалдаачдын ятгалгаар Хятад руу довтлон хятадыг эзлэх төлөвлөгөө зохиосон хэдий ч түүний авга ах Тунбага Дархан хятадад уусах аюултай хэмээн эсэргүүцэж, улмаар бослого гарган хаан болон түүний хүрээний 2000 язгууртныг цаазлан өөрийгөө Алп Күтлүг Билэг Хаан хэмээн хаан сууснаар Уйгар дотоодын хямралд орж эхэлсэн байна. Тэрээр Уйгарыг бутрахаас сэргийлж шинэ хатуу чанд хууль цааз гарган мөрдүүлж, Киргизүүдийг довтлон энэ удаад тэднийг шууд харъяандаа оруулсан байна. 795 онд түүнийг үхсэнээр Уйгарт дотоодын тэмцэл өрнөн бутралын аюул занал нүүрлэн байх үед Күтлүг хэмээх цэргийн жанжин өөрийгөө Ай Тэнгэрид Илиг Бүлмыш Алп Күтлүг Үлэг Билэг хэмээн хаанаар зарлаж Яглагарын удмын хаанчлал эцэс болж Едизийн удмын хаанчлал эхэлжээ. Тэрээр хатуу чанга удирдлагаар Уйгарыг нэгэн удаагийн бутралаас аварсан хэдий ч урьдын хүчирхэг идтэй Уйгар үгүй болсон байв. 808 онд түүний хүү Хан Тэнгэрид Илиг Бүлмыш Алп Кишлиг Билэг нэрээр хаан ор сууж Дундад Ази руу хандсан худалдааг сайжруулан Согд хүртэл худалдаа хийх болж, 821 онд Төвдүүдийн довтолгоог няцааж байв. 824 онд түүнийг өнгөрсний хойно Уйгарт хаан ширээний тэмцэл хүчтэй өрнөн хаан ор суух ёстой түүний дүү Касар 832 алагдаж, 839 онд Күрэбир хэмээх сайд хүчээр хаан ширээг булаав. Мөн онд Уйгарын эдийн засгийн суурь болсон мал сүрэг олноор үхэж үрэгдэн өлсөглөн гарч дотоодод тогтворгүй байдал үүсчээ. 840 оны намар Уйгарын 9 сайдын нэг Күрэбирийн өрсөлдөгч Хүлүг Бага гэгч Киргизрүү зугтан Киргизтэй хамсан 80000 морьт цэргээр Уйгарыг довтлов. Киргизүүд Орд балгад болон бусад хот балгадыг тонон дээрэмдэж галдан шатааж сэргэхгүйгээр сүйдлэн, Күрэбирийг барьж цаазалжээ. Уйгарын сүүлийн удирдагч Үгэ Ордост очин 841 онд хятадын Шаанжи мужийн нутгийг эзлэн 6 жилийн турш Киргизүүд болон Тан улсын хилийн цэрэг, өөрийн өрсөлдөгч болох Күрэбирийн ах Ормузыг дэмжигч нартай тэмцсээр 847 онд алагджээ. Ингэж Монголын тал нутагт Киргизүүдын ноёрхол эхэлж Уйгарын хаант улс мөхөж Уйгарууд Төв Азиар нэг таржээ. 

 

Киргизүүдэд шахагдсан Уйгарууд 3 улс үүсгэжээ. Хамгийн зүүн талынх нь одоогийн Ганьсу мужид 848-1036 онуудад тогтсон Ганжоугийн хаант улс буюу ШарУйгарууд байсан ба энд шарын шашин ихэд дэлгэрчээ. Тэд 1028-1036 онуудад Тангуд улстай хүнд хүчир дайн хийсний эцэст ялагдан Тангудын хаант улсад уусан нийлсэн байна. 

 

Уйгаруудын нэг хэсэг нь Харахожагийн хаант улсыг 856-866 онуудад байгуулсан ба энэ улс нь Турфан, Бэшбалык, Күмүл буюу Хами, Куча хотуудыг хамран (3 улсын голд нь) оршиж, манихейзм болон буддын шашны аль алиныг нь хөгжүүлэн Уйгаруудын соёлын төв болж байв. Харахожа буюу манайхны мэддэгээр Идүүд (удирдагчдынх нь цол) улс нь 856-1209 он хүртэл тусгаар улс байгаад 1209 онд Их Монгол Улсад дагаар оржээ. Энэ тухай “Монголын нууц товчоон”-д: “Уйгадын Идүгүд Чингис хаанд элчин илгээжүхүй. Адкираг, Дарбай хоёр элчээрээ өчиж илгээхдээ: “Үүл арилж Эх наран үзсэн Мөс хайлж Мөрөн ус олсон мэт Чингис хааны нэр алдар сонсож маш баясав. Чингис хаан соёрхвоос Алтан бүсний горхиноос Ал дээлийн үртэснээс олбоос тавдугаар хөвүүн чинь болж, хүч өгсү” хэмээн өчиж илгээжүхүй. Тэр үгэнд Чингис хаан соёрхож, хариу өгүүлж илгээрүүн: “Охин бээр өгье. Тавдугаар хөвүүн болтугай. Алт, мөнгө, сувд, тана, хоргой, таж магнаг, торго аваад, Идүгүд иртүгэй” хэмээж илгээвээс, Идүгүд соёрхогдов хэмээн баясч, алт, мөнгө, сувд, тана, хоргой, таж магнаг, торго агуурс аваад, Идүгүд ирж, Чингис хаанд уулзав. Чингис хаан Идүгүдийг соёрхож, Ал Алтуныг өгөв” гэжээ. Эндээс үзэхэд тус улс алт эрдэнэс болон хоргой торго хийдэг баян улс байсан байна. Идүүдийн улс 1369 он хүртэл Монголын вассал улсаар оршин тогтнож байв. 

Хамгийн баруун захын улс ньТэнгэр таг уулын баруун тал Чу голын сав хүртэл нүүсэн Уйгарууд 840 онд байгуулсан Хара  ханлиг (Хараханид) улс бөгөөд 940-1212 он хүртэл Түркистан Мавереннахрт ноёрхож байв. Дашрамд дурдахад хара ханид гэдэг нь их хаант улс гэсэн үг юм байна, Монголчууд бид байдаг чадлаараа гэхийг хар худаараа хар чадлаараа хэмээн ярьдаг нь Уйгарын энэ хара гэдэг үг болов уу гэж бодож байна. 934 онд Хара ханлигийн улс Султан Сатуг Бугра хааны үед Лалын шашинд орж 940 онд Харлугуудыг эзлэн Исламын холбоог байгуулсан байна. Самаркандын Самманидтай хамтран өөрснийгөө Исламыг Бурханы шашинт Уйгарын Идүгүдээс хамгаалагч хэмээн үзэх болжээ. Нийслэл нь эхлээд Чу голын хөндийд Балгасун гэж байгаад сүүлд Кашгар луу шилжжээ. Энэ үед Хараханлигт  Түрэг соёл урлаг ихээхэн хөгжиж лалын шашны сүм хийд, сургууль байгуулагдан, гүүр, жингийн өртөө нээгдэн байгуулагдаж Кашгар, Бухар, Самарканд хотууд сургууль соёлын төв болж байлаа. Энэ үеийн нэг чухал дурсгал бол Юүсүф Балгасуны 1060-1070 онуудад бичсэн монголчилбол аз жаргалыг авчрах эрдэм мэдлэг буюу “Хутагт билэг” бичигджээ. Иранд Түрк Селжүкүүд хүчирхэгжих үед тэдний вассал болж байгаад хожим нь Хар Киданы мэдэлд оржээ. 1125 онд Кидан улс Алтан улсаар мөхөөгдөхөд Елюй Даш Киданы үлдэгдлийг авч (100,000 киданчууд гэдэг) Тэнгэр уулын баруун талд хүрэн Хар Киданы суурийг тавьж, 1134 онд Балгасун хот, улмаар Кашгар, Хотан, Бэшбалыкыг эзлэн, 1137 онд Хужанд болсон тулалдаанд Хараханидыг цохиж, Ферганы хөндийд ноёрхолоо тогтоов. 1141 онд Киданчууд Катваны тулалдаанд баруун Хараханидыг цохин Трансоксанид ноёрхолоо тогтоон Кваразмын султаныг алба бариулах болгожээ. Ингэж Хара хожа буюу Идүүд болон Хара ханидууд Хар Киданд алба барьдаг дагуул улсууд болжээ. 1208 онд Монголчуудад цохиулсан Найманы үлдэгдэл Хүчлүг хунтайжийн хамтаар Хар Киданд орогнон байгаад 1211 онд хүчлүг Киданы хааныг алж улсыг нь булааж, Хар Киданыг унагасан авч 1218 онд Монголчууд Хүчлүгийг нэхэн ирж устгаснаар Хараханид Чингис хааны захиргаанд оров. Уйгаруудын байгуулсан эдгээр улсууд урьдын Уйгарын идэрхэг хүчирхэг байсны хэмжээнд хүрээгүй боловч Төв Азийн урлаг, шинжлэх ухаан, худалдаа арилжааг амжилттай хөгжүүлж тод мөрөө үлдээсэн юм. 

Чингис хаан Ил Тарвагатай, Кашгараас Трансоксани (одоогийн Узбекстан Түркменистан) хүртэлх одоогийн Төв Азийн станууд болон Ираны хойд хэсгийг Цагаадайд өвлөн үлдээснээр Цагаадайн мэдэлд Их Монгол улсын бүрэлдэхүүнд байж байгаад Мөнх хааны дараагаар Их Монгол улс задархад Эртиш мөрнөөс Афганы Газни хот Трансоксаноос Таримын хөндий хүртэл газар нутагтай,  Цагаадайн удмын Монгол удирдлагатай Цагаадайн улс гэгдэн 1346 онд Газан хааныг өнгөрсний хойно баруун  (Трансоксани) зүүн (Могулистан) (хожим барууныг нь Кашгар зүүнийг нь Уйгарстан гэх болсон) хэсэгт хуваагдах хүртэл оршин тогножээ. (зарим түүх Цагаадайн улсыг 1500 онд мөхсөн гэх нь бий) Баруун хэсгийг Караунасчууд голлон хэд хэдэн аймгийн толгойлогчид мэдэн захирч ёс төдий хан тодруулдаг байв. Зүүн хэсгийг 1347-1363 он хүртэл Төглөг Төмөр захиран Монголчуудын дунд эрх мэдлээ нэмэгдүүлэн Лалын шашныг жөгжүүлж, 1360-1361 онуудад хоёронтоо баруун хэсгийг нэгтгэх оролдлого хийсэн боловч баруун хэсгийн аймгуудын удирдагчдыг бүрэн захиргаандаа оруулж чадахгүй байсаар 1363 онд өөд болсноор Могулчууд Трансоксанийг орхин гарч Трансоксанийг Караунасын Амир Хусейн хяналтандаа авчээ. Доголон Төмөр өөрийгөө Чингис хааны хойчис хэмээн зарлаж, Цагадайн улсыг сэргээхээр Амир Хусейнтай тэмцэлдэж эхлэн 1366 онд  Хусейн болон Сербедар нарыг бут цохин Самаркандыг авч, 1369 онд Трансоксанид ноёрхолоо тогтоон 1370 онд Эмир гэгдэн Цагаадайг улсыг залгамжлан 30 гаран жил байлдан дагуулал хийж, Афганд Хератын, Персэд Ширазын, Иракт Багдадын, Энэтхэгт Дэлийн, Сирид Дамаскусын захирагчдыг байлдан дарж газар нутгаа тэлжээ. Тэрээр Оттомон Түрэгийг Ангорт цохисны дараа Монголын эзэнт гүрнийг дахин байгуулах зорилгоор Хятадын Мин улсыг дайлахаар явах замдаа 1405 онд өөд болж, түүний байгуулсан эзэнт гүрэн 1447 он хүртэл түүний хүү Хератад нийслэлсэн Шах Рукийн захиргаан дор оршин байв. Цагаадайн улсын зүүн хэсгийг  Цагаадайн удмынхан захирсаар зарим үед Төмрийн удмынхантай найрамдаж холбоолох, зарим үед байлдах зэргээр 17-р зуун хүрч Уйгарын Апаг Хожа болон түүний удмын Хожижануудын шашны дэглэмд байр сууриа алдсан юм. Трансоксани болон Таримын хөндийн (одоогийн Уйгарстан) бүс нутгийг Доглатын Могол аймгаас гаралтай Цагаадай болон Төмөрийн удмынханы ноёлох ангийн нэрээр Могулистан гэж нэрлэдэг бөгөөд энэ бүс нутгийн хүн амын хэл соёл нь Төмөрийнхөний Энэтхэгт байгуулсан Моголын эзэнт улстай (Төмөрийн удмын Бабур 1492 онд 11 настайдаа Самаркандад хаан сууж, 1526 онд Энэтхэгийг эзлэн их Моголын эзэнт улсыг байгуулсан нь 1707 он буюу Британичуудын ирэх хүртэл 181 жил оршин тогтножээ) адилхан бүрэн түрэгжиж, исламжжээ. Цагаадайн хаант улсын үед Харханлигийн соёл тэргүүлэн исламын соёл хүчирхэгжин Харахожагийн буддистууд лалын шашинд орцгоосон бөгөөд ноёрхогч ангийг Моголчууд, суурин хүмүүс, худалдаачдыг Сартууд, тариачдыг Таранчууд гэдэг байв.  Энэ нэршил Турфан Кашгараас гадна Трансоксанид ч гэсэн Төмөрийнхөн эсвэл Цагаадайн удмынханы хэн нь төр барихаас үл шалтгаалан адилхан байв. Одоогийн Узбек болон Уйгарт одоог хүртэл энэ ойлголт хүчтэй байдаг байна. Цагаадайн улсын хожуу үеийн Уйгарстан ихээхэн тогтворгүй байж, Цагаадайн удмынханы захиргаан дор Кашгар, Яркенд, Күмүл зэргээр төвлөрсөн өөр хоорондоо байлдаант улсуудад хуваагдан, энэ дайн тулаандаа Төмөрийнхөн болон Трансоксани, Халимаг, Энэтхэгийн Дэли дэх Моголын захирагчаас тусламж авах ба авахыг оролдож байжээ. Үүний жишээ нь 16 зууны эхээр Цагаадайн удмын Мирза Хайдар Курган дайнд сүйрсэн Кашгараасаа зугтан Төмөрийнхөний Ташкентад ирж өөрийн үеэл Энэтхэгийн Дэлигийн захирагчаас Кашмирын захирагч болох зөвшөөрөл авч байсныг алдарт Тарих и Рашиди бичин үлдээжээ. Энэ мэт тогтворгүй байдлаас үүдэн 17-р зуунд Цагаадайн удмынхан байр сууриа алдсан билээ. 17-р зууны сүүлчээр Нагшбандын Ага Таглык, Хара Таглык нарын хооронд засаглалын төлөөх тэмцэл өрнөн Уйгарстаныг бүхэлд нь хамарч эцсийн бүлэгт Апаг Хожа улс төр болоод шашны тэргүүнээр тодорчээ. Цагаадайн удмын сүүлчийн захирагч нь Апагийн удам Уйгарстаны захирагч Хожижантай гэрлэн, нөхрийгөө нас барсны хойно харгис хэрцгийгээрээ нэрд гарсан Ханум Паша нэрээр түүхэнд үлдсэн алтан ургийн гүнж байв. Тэрээр Уйгарстаныг өөрөө захиран байхын тулд Хожижаны болон Цагаадайн удмын өрсөлдөгчдөө хүйс тэмтэрч, Цагаадайн удмын сүүлчийн тайжийг амьдаар нь усанд үйн буцалган алж байжээ. Түүний үед Уйгарстан аллага таллага, харгислалаар дүүрэн байж эмх замбараагаа алджээ. 

1678-1680 онуудад Зүүнгарын Галдан Бошигт хаан Уйгарстанд довтлон Күмүл, Турфан, Кашгар, Яркендыг авч, 1685 онд Сайрам, Самарканд, Бухар хотуудыг эзэлснээр Зүүн гарчууд энэ бүс нутагт ноёрхох болсон байна. 1759 онд Манжууд Зүүнгарыг эзлэн Ил Тарвагатай Таримын хөндийн хойд хэсэгт ноёрхолоо тогтоон 1864 он хүртэл Уйгарстаныг захирчээ. Энэ хугацаанд Уйгарууд Манжийн эсрэг 42 удаа бослого тэмцэл гарган 1864 оны бослогоор амжилт олж Яакуб Бэк ийн удирдлага дор манжийн захирагчдыг Уйгарстанаас хөөн Иэтишар (долоон хотын улс-Кашгар, Яаркэнд, Хотан, Аксу, Куча, Хорла, Турфан) буюу Кашгарын хаант улсыг байгуулсан нь 1873 онд Оттоманы эзэнт улс, 1872 онд Хаант Орос, 1874 онд  Их Британиар хүлээн зөвшөөрөгджээ. 1876 онд Манжийн хаан Зуо Зонтан жанжинд үлэмж  хэмжээний цэрэг өгч довтлуулсанд Оросуудын түрэлтээс айсан Британичууд Хон Конг дахъ Бостон банкаараа дамжуулан манжуудад зээл олгох замаар Манжуудыг дэмжжээ. Түр тусгаар тогтносон Уйгарчууд дахин Манжид эзлэгдэн, Уйгарстаныг  Манжийн хааны зарлигаар 1884 оны 11 сарын 18-нд “шинэ эзэмшил газар” буюу Шин жиан хэмээн нэрлэх болсон ажээ. Ингэж нэрлэхээс өмнө Уйгарстаныг буюу Таримын хөндийн Харлуг эртний Уйгар Цагаадайн аялга хэлээр яригч, Могол Хожижан удирдлагатай Таранчууд Сартууд түмний нутгийг Манжууд болон Хятадууд Хуй жиан буюу исламын газар нутаг гэдэг байжээ. Харин Исламын ертөнц тэднийг Могулистан болон Зүүн Түркистан гэдэг юм. Уйгарууд өөрсниийгөө суурьшлаараа Кэриэнүүд, Хотангууд, Кашгарчууд хэмээнэ. Хожим Хятадын коммунистууд Шинжиан Уйгар хэмээх болсон байна. Алинаар нь дуудах нь таны мэдэх хэрэг. Төв Ази дахь Орос Английн “Их тоглоом” Афганаас эхлэн Тажик Узбек Уйгар хүртэлх 13-17-р зуунд бүрэлдэн тогтсон Могулистан угсаатны соёлыг задлан бутаргажээ. Тэд адилхан соёл уламжлалтай Перс хэлтэн Шийт шашинтан, Суннит шашинтай түрэг хэлтэнүүдээс бүрдсэн Цагаадайн улсуудыг хагаралдуулан, хооронд нь зохиомол шугам татан одоогийн Тажик, Узбек үндэстнийг бий болгов. Кашгар (Уйгарстан) болон Андижаны(Үзбэк) адилхан Сарт-Таранчуудыг Уйгар болон Узбэк хэмээх 2 үндэстэн болгожээ. Одоо Турфан, Күмүл буюу Хами, Корла, Кашгар, Яаркенд, Иэнгиссар, Хотан, Гулжа зэрэг Таримын хөндийн хүн зоныг Уйгарууд гэх болжээ. 

Манжийн төр унаснаар Уйгарстан Хятадын Гоминданы (бүгд найрамдах нам) цэргийн дарангуйлагчдын захиргаанд оржээ. 1920-иод оноос Уйгарын үндэсний үзэл сэргэн Хятадын эрх баригчдын эсрэг тэмцэн байсан ба хожим Уйгар хэмээгдэх нэртэй болсон Турфаны яруу найрагч Абдулхалик “Уяган” нэртэй шүлгээ зохиожээ. (түүнийг 1933 онд хятадын цэргийн дарангуйлагч Шэн Шикай баривчлан хорьж, тамлан хороожээ) 1921 онд ЗөвлөлтүүдТашкентад Уйгарын лидерүүдтэй уулзсанаар анх байгуулагдсан Уйгарын үндэсний коммунист байгууллага болох хувьсгалт бүлгэм 1926 хүртэл буюу Оросууд Уйгарстан дахь Хятадын гоминданы засаглалыг хүлээн зөвшөөрч, худалдааны гэрээ байгуулах хүртэл Кашгарт үйл ажиллагаа явуулж байсан байна. Уйгарууд тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсээр 1933, 1944 онд хоёронтоо Гоминданы эсрэг тэмцэлдээ амжилт олж Зүүн Түркистаны Бүгд Найрамдах Улсыг Сталины дэмжлэгтэйгээр байгуулжээ (Оспаны тухай, Монголчуудын оролцоо хэр байсан зэргийг тусад нь тодруулах хэрэгтэй болов уу). 1949 онд Хятадын үндэсний үзэлтнүүд Коммунистуудад ялагдан Маогийн БНХАУ гарч ирэхэд Уйгарууд Коммунист хятадын холбоонд байхыг зөвшөөрөхгүй байв. Энэ үеэр Зүүн Түркистаны Бүгд Найрамдах Улсын ихэнхи дээд албан тушаалтан, удирдагч нар онгоцны ослоор осолдсон байна (хувь зохиол уу, аллага уу). Энэ осол Маотай холбоотой байхыг (Сталин ч гэсэн) үгүйсгэх аргагүй учир нь ослын дараахан генерал Ван Зэнээр удирдуулсан Хятадын ардын чөлөөлөх армиийн цэрэг яаравчлан орж ирсэн байна. Үлдсэн удирдагчдыг Сайпадин Эзиз гэгч этгээд баривчлан хорьж, Мао Зүүн Түркистаныг Шинжиан Уйгарын Өөртөө Засах Орон болгож ЗТБНУ-ын армийн үлдэгдлийг Ардын чөлөөлөх армид хүчээр нэгтгэн Сайпадин Эзизийг автономийн анхны КН-ын дарга болгов. Олон олон Уйгар сэхээтэн, үндэсний үзэлтнүүд Турк болон барууны улсууд руу дүрвэжээ. 1949 оноос хойш олон олон эрх чөлөөний хөдөлгөөн тэмцлүүд гарсан ба автономи болгосноос хойш хятадын засгийн газрын дэмжлэг шийдвэрээр олон хятадуудыг Уйгарстанд нүүлгэн суурьшуулж, бизнес эрхлүүлэн өргөжүүлж, одоо хятадууд олонхи болохоор барахгүй голлох бизнест давамгайлах болжээ. 

“Хөхбайраг” хэмээх туг Уйгарын эрх чөлөөний хөдөлгөөний бэлэг тэмдэг болдог бөгөөд хятадын нутаг дэвсгэр дээр хэрэглэхийг хятадууд хуулиар хорьсон байдаг юм байна. Уйгарын улс төрийн хүчнүүд тайван замаар эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэн Пан Түрэгийн болон Зүүн Туркистаны нам зэрэг байгууллагуудын дэмжлэгийг хүлээн, Зүүн Туркистаны Лалын Хөдөлгөөн, Зүүн Туркистаны Чөлөөлөх Байгууллага зэрэг нь “Хятадын засгийн газар Уйгарын үндэсний үзэлтнүүдийг террорист нэрийн дор хавчин мөрдөх болсноор барахгүй, ялангуяа 2001 оны 9 сарын 11-ний Америк дахь алан хядах үйл ажиллагаанаас хойш террорын эсрэг тэмцэх болсон дэлхий нийтийн дэмжлэгийг авах, тэр нэрийн дор Уйгар үндэстний шашин соёлын эсрэг үйлдэл хийх, тусгаар тогтнох хүсэл эрмэлзлийг нь мохоон дарах болон хүний эрхийн эсрэг хүчирхиййлэл явуулж байна” хэмээн мэдэгдэх болжээ. 2009 онд Барак Обама Гуантанамод 7 жил хоригдож байсан 4 уйгарыг мөрдөн байцаалтын явцад 9:11-т оролцоотой гэх нотолгоогүй, мөн ямар ч гэмт хэрэгт оролцоогүй гэж үзсэн тул суллах шийдвэр гаргажээ. Харин Хятадын засгийн газар тэднийг террорист хэмээн хятадад тушаахыг шаардан Бермуд Паллаугаар мөрдөн мөшгөж байна.

Уйгарстаны дотоод байдал тийм ч таатай, тайван бус байгааг 1997 оны Гулжагийн хэрэг явдал, 2009 оны 7 сарын Үрэмчи хотод гарсан үймээнээр 197 хүн эрсдсэн зэргээр бид гадарлах болсон билээ.

Эцэст нь Абдулхалиг Уйгурын 1921 онд Турпанд зохиосон “Сэрэгтүн” буюу ”Уяган” хэмээх шүлгийг чадан ядан Монгочилсоноо дор талбив.  

 

                                    СЭРЭГТҮН 

Хөөе, хөөрхий Уйгар минь сэрээч, хангалттай унтлаа бус уу

Амь амьдрал чинь дэнчинд тавигдан байна бус уу 

Хөөе, чи амь амьдралынхаа төлөө тэмцэхгүй буюу 

Амь амьдралын тань төгсөл ирэх бус уу, төгсөл ирэх бус уу 

Босоод зогс, толгойгоо дээш нь өргө, дахин бүү зүүрмэглэ 

Буруутан дайснаа дар, дархан цолоо мандуул 

Хэрэвзээ нүдээ нээж орчноо үл харах аваас 

Харуусалтай төгсгөл ирэх нь гарцаагүй буюу 

Бие махбодь чинь амьгүй мэт байна 

Сөнөл мөхөлд юунд ийм хайхарамжгүй хандана вэ

Миний дуудлагаар юунд үл хөдлөнө 

Сэрж сэхэлгүй яах гэж мөхөх замыг сонгоно вэ 

Нүдээ томоор нээ, эргэн тойрноо хар 

Ирээдүй, түмнийхээ тухай сайтар бод 

Нэгэнтээ энэ боломжийг бүү алд 

Эс тэгвээс уй гашуугаас өөр зүйл үлдэнэ гэж үү, үлдэнэ гэж үү 

Сэтгэл минь шаналж байна, Уйгар минь 

Садан төрөл минь, Нөхөр минь, Ах минь 

Сэтгэлээн сэмлэн чамайг дуудахад минь

Сэрж сэргээч, яагаа вэ та минь

Харамсах нэгэн өдөр ирэх вий 

Миний дуудлагыг хожимдож сонссон байх вий

Халаг хөөрхий хэмээн хэлэх цаг ирэх вий 

Миний юу гэснийг хожимдож ойлгох вий. 

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
tnx (зочин)

уйгар гэдэг нь нэгдсэн гэсэн эртний түрэг үг. өзбек, уйгар хоерыг колоничлогчид хоер салгасан гэдэгт зуун хувь санал нийлнэ. Наад уйгар чинь зүүнгарын эсрэг тэмцэлд казахуудтай нийлж тэмцэхийн хооронд өөр хоорондоо тэмцэлдэн улмаар ах дүүсээсээ урван шарвасны горыг одоо л амсаж байгаа гаслант ард түмэн билээ. Гэхдээ омог бардам уйгар ахан дүүс хэзээ нэгэн цагт тусгаар улс болно. Дашрамд хэлэхэд та Оспаны тухай ямар бодолтой байдаг вэ?

ebugen

Оспан баатар бол Шинжаан дахь Алтай мужийн Хөх тохойд төрсөн, Казахуудын эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцсэн үндэсний баатар бөгөөд 1951 онд цаазлуулжээ.

tnx (зочин)

үндэсний баатар ч мөн л дөө. гэхдээ манай монголчууд оспаныг дээрэмчин байсан гэх хандлагатай байдаг. тэр төрөлх нутгийнхаа тусгаар тогтнолын төлөө чөтгөртэй нөхцсөн ч болно гэж хэлсэн байдаг. би сүүлийн үед оспаны журамт нөхөр байсан нэг эрийн дурсамжыг уншлаа. урьд нь ч оспаны талаар нэлээд мэдээлэлтэй байлаа. Байтаг Богдын тулгаралт бол аргагүй эрхэнд болсон үйл явц гэдэгт улам үнэмшлээ. том гүрний золиосонд хөөрхий муу оспан мөн ч их хэлмэгджээ. Манай маршал Чойбалсан гуай Сталины заавраар нэг хэсэгтээ тэдэнд туслаж байснаа ах нараас туслаж болохгүй гэсэн зааварчлагаа авангуутаа оспаныг шахаж эхэлсэн байгаа. үр дүнд нөгөө муу оспан маань хасгийн дээрэмчин нэр зүүж орхив оо. гоминдан, улаан орос, нөгөө талаас ах нарын заавраар явдаг монголоос болж дорнод түрэгстан улс тусгаар тогтнож чадаагүй юм аа. тусгаар тогтносон сон бол монгол улс ч гурав дахь хөрштэй суух байлаа. за даа үнэн гэж дандаа том гүрний талд байдаг болохоор жижиг ард түмний зовлон дуусахгүй юм даа.
уйгар гэдэг нэг ард түмний нэр биш юмаа. тухайн үед түрэгүүд улс орноо нэгдсэн гэсэн утгаар уйгар гэж. сүүлдээ дорнод түрэгстаны тараншы, хотанлық г.м олон суурьшмэл иргэнд энэ нэрийг бараг л хүчээр оноож өгсөн дөө. баруунтаа орших нөхөдийг өзбек гэж нэрийдье гэх шиг хөгийн юм их болсон доо. эд нар бүр сүүлд бараг 20 зуунд энэ нэрийг авцгаасан улсууд байхгүй юу.

Bek (зочин)

sain bichigdsen bna!

Амирлан (зочин)

Ашигласан ном зохиолоо оруулаад сурчихвал болчих гээд байна аа.

ub (зочин)

tureg uigariin toriin bichgin ulamjlaliig medehig hussiin helj ogoh bolomjtoi yu

оогий (зочин)

их монгол улсын соёлын тухай мэдэхийг хүсэж байна туслах уу

ХХХ (зочин)

орчин үеийн уйгаруудын тухай мэдээлэл олж өгөхгүй биз. их хэрэг болоод байна. ялангуяа хятад уйгарын харилцааг мэдэх боломж байгаа боловуу

дондог (зочин)

Шинжаан Уйгурын өөртөө засах орон гэж байгаа нутаг дэвсгэр нь дундад зуунд Зүүнгар буюу Дөрвөн Ойратын хаант улсын нутаг дэвсгэр юм. Зүүнгарын хаант улсыг манжууд эзэлсэний дараа зүүнгарчуудын тэмцлийг зогсоохын тулд үй олноор хүйс тэмтрэн хядах замаар геноцидыг 2-3 жил гүйцэтгэсний үр дүнд зүүнгарын нутаг дэвсгэр хоосрон бараг хүнгүй болсон байна. Манжууд 1-1,5 сая зүүнгарчуудыг алж устгасан гэсэн тооцоо байдаг. Ингээд эзгүйрсэн газар нутагаа Шихнэ хязгаар буюу Шинжаан гэж нэрлээд манжид дагаар орсон дунган, уйгур, хасгуудад нутаг олгон суулгасан түүхтэй шүү. Тэрнээс биш уйгуруудын уугуул нутаг биш, уугуул монгол нутаг шүү.

хангай (зочин)

за Дондогийг шагнаад чихэр өг та нар одоо тэр үэд байсан хүмүүс юумуу эсүүл ингэж мэдэмхийрээдбгааму юу ч бж болийшд энэ бүх юм худлаач бж болийшд бодож ухаж үзсэн хүн байнуу байвал чи үнххэр онцгой хүн бж мдхийм шүү !!!!!!

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)