ebugen : Манжуудын тухай

Манжуудын тухай

Миний дуулснаар сүүлчийн цэвэр манж хүн 1950-иад онд үхсэнээр манж угсаатан үгүй болсон гэтэл 1990 оны хятадын хүн амын тооллогоор 10-аад сая манж угсаатан тоологдсон гэснийг үзээд манжуудын тухай мэдсэнээ буулгав.

Манж нь тунгус гаралтай угсаатан бөгөөд 17-р зуун хүртэл загас ан агнуур, бага хэмжээний газар таиалан, гахай үржүүлэх зэрэг амжиргаатай байжээ. Мөн тэд хамжлагат ёсны нийгмийн байгуулалттай ба хятад олзны хүмүүсийг боо и буюу манжаар нукай хэмээн нэрийдэж тамга шивээс хийн хойлогт дагуулах, хүнд хүчир ажил хийлгэх зэргээр боолчилдог байсан байна. Тэд алтай язгуурын түнгүс бүлгийн хэлээр ярих ба бичиг үсгийн хувьд анх кидан бичгийг хэрэглэж байгаад 17-р зуунд Нурхайчийн зарлигаар монгол бичгийг авч хэрэглэсэн байна. Анхны өвөг нь (sushen) МЭӨ 1,2-р мянганд 202-220 онд мандаж явсан иүлүйгийн харъяанд байсан мэдээ байдаг ба 5,6-р зуунд мохе аймгуудын хар ус (heishui) овог жүрчин овогтон болсноор жүрчидын суурь тавигджээ. 12-р зуунд Киданы харъяанд явсан тэд 1113 онд бослого гарган 1115 онд Алтан буюу Жин улсыг байгуулан Кидантай байлдаж эхэлсэн ба 1125 онд Киданыг мөхөөж бүс нутагт тэдний байр суурийг эзлэх болж 1135 онд Монголчуудыг гэнэдүүлэн довтолж эхэлсэн ч 1138 онд амжилттай няцааж улмаар 1147 онд найрамдав. 1210 охд Чингэс хаанд элч илгээн алба барихыг тулган шаардсанаас үүдэн 1211 онд Чингэс хаан Алтан улсад довтлон 1215 онд буулган авч алба бариулах болжээ. Хожим Өгэдэй хааны үед 1234 онд Алтан улсыг бүрэн мөхөөсөн байна. 

Манжуудын удаахъ сэргэлт нь 17-р зуунд айшин гиоро овгийн Нурхайч жүрчидийг нэгтгэн 1616 онд хожмын Алтан буюу Жин улс, манжаар Амага айшин гүрүн улсыг байгуулж хаан хэмээгдэх үеэс эхэлжээ. Тэрээр 2 жилийн дараа “долоон өшил гомдол” гээчийг зарлан хятадын Мин улсын холбоо харъяанд байх бусад жүрчин аймгуудтай хэдэн удаагийн амжилттай байлдаанаар Ляодунгийг эзэлж 1625 онд Мүгдэнг эзлэн нийслэл хэмээн зарлажээ. Ингэснээр тэрээр эдийн засаг хүн хүчний нөөцөөр хүчирхэгжин Монголтой шууд хиллэн харилцах болжээ. Тэр үед Монголчууд хэдий тархай бутархай ч бүс нутагтаа хүчирхэг улс төр цэргийн байгуулалтай байв. Нурхайч Монголчуудыг Мингийн эсрэг холбоотноо болгох бодлогыг амжилттай хэгэгжүүлэн язгууртнуудаа монголтой худ ураг болгон  дээр дурдсанчлан монгол бичгийг авч хэрэглэсэн байна. 1624 онд зүүн монголын Харчин, Дөрвөд, Жалайд, Горлос аймгууд манжид дагаар оров. Үүнийг Монголын сүүлчийн нэр төдий бага хаан Лигдэн тэргүүтэй ноёд язгууртнууд эсэргүүцэн манжтай байлдсан боловч төдий л амжилт олоогүй юм. 1626 онд Найман, Бааран, Онниуд, Горлрос аймгууд манжид дагав. Мөн онд Нурхайч Нанжин хотыг дайлах байлдаанд анхны ялагдалаа мингийн жанжин Юан Чунжуанд хүлээж хэдэн сарын дараа нас нөгцжээ. Хаан ширээний тэмцэлд 8-р хүү нь болох Хун тайж амжилт гарган1627 онд Абахай хэмээгдэн хаан суув. 1628 онд Лигдэн хаан Мингийн хязгаарын Сюан-фу, Да-тунг довтлон мөн Хянганы нурууг давж Хорчин, Түмэдийг эзэлжээ. Энэ нь Галдан бошигт халхыг шахамдуулсантай адил явдал болсон юм. 1630 онд Хорчин, Түмэд, Юншээбүү, Ордос Авга зэрэг аймгууд, 1631 онд манж нар Харчин, Асуд, Найман, Жаруд, аймгуудтай нийлэн түүний эсрэг байлдан 1632 онд Цахарт цөмрөн Лигдэний цэргийг цохижээ. Лигдэн Хөх нуурт зугтан ирж халхын Цогт хунтайжийг хүлээх зуураа 1634 онд тэнгэрт хальжээ. Ингэснээр Манжууд баруун талаасаа айх аюулгүй болсон байна. Абахай ханы Мингийн эсрэг анхны тулалдаан 1627 онд мөнөөх Юан Чунжуаны эсрэг болсон бөгөөд Мин улсын Португалаас олж авсан үхэр бууны улмаас ялагдсан ба 1634 онд Абахай олзны хятад дархчуудаар үхэр буу хийлгэн анхны манж үхэр бууны хороотой болсон байна. 1635 онд өвөр монголын цэрэг манж тугийн цэрэгт бүрэн нэгджээ. 1636 онд Солонгост довтлон 1637 онд Манж, Монголоос гадна хятадын Хан цэргийг байгуулан 1640-1642 онуудад хятадын Мингийн эсрэг амжилттай тулалдаануудыг хийж хойд хятадыг эзлэв. Ингээд тэрээр Мин улсын засаглалын хэлбэрийг авч хэрэгжүүлэн зарим хан хятадыг төрийн албанд томилсон ба Нурхайчийн үеийн олзны хан хятад ямар алба язгууртайг үл тооцон 5-р зэрэглэлийн хүн гэсэн ойлголтыг өөрчлөн манжид алба хаах хятадуудыг манж үндэстэн гэх болжээ. Мөн 1635 онд бүх жүрчидийг манж хэмээх болж  (манж хэмээх нэрний тухайд Нурхайчийг манзуширийн хувилгаан гэдгээс үүссэн гэх боловч зарим судлаачид түнгүс хэлний их гол буюу манжунг хэмээхээс үүссэн гэх нь бий) Лигдэн хааны хүү Эжэй хан Юан гүрний Чингэсийн тамгыг Абахайд өргөлөө хэмээн 1636 онд улсын нэрийг Манж чин улс буюу манжаар Дайчин гүрүн хэмээн өөрчилж Абахай ханыг их эзэн хаан хэмээжээ. Энэ нь тэрээр Монголчуудад их эзэн Чингэс хааны залгамжлагч их Юан гүрнийг дахин мандуулагч гэх, мөн хятадуудад урдын жүрчидийн Алтан улс буюу гадны булаан эзлэгч биш гэдэг ойлголтыг өгөх бодлого байлаа. Мөн онд халхын ноёд Абахайтай хэлэлцээр хийсэн ба өвөр монгол манжийн захиргаанд оржээ. Манжийн хаан 1638 онд жил бүр есөн цагааны бэлэг өргөж байхыг халхын ноёдод тулгаж Засагт хан манжийг эсэргүүцэн Хөх хотыг уулгалан довтолжээ. 1643 онд Абахай гэнэт өөд болж түүний ахмад хүү Хүүж болон эцэг нэгтэй дүү Доргон нар хаан ширээний төлөө тэмцэлдсэн боловч Абахайн 5 настай хүүг хаан өргөмжлөхөөр тохиролцож 1644 онд Шүн жи хаан болж эеээр засагч гэгдвэй. Энэ үед хятадын Мин улс дотоодын самуунтай байсны оргил нь 1644 оны 4 сард Бээжинг Ли Зичэны удирдсан босогчид эзлэн Мингийн сүүлчийн хаан Чонзэн амиа хорлон Мин улсын төгсгөл болсон үйл явдал байлаа. Ли Зичэн бээжинг эзэлсэний дараагаар 200.000 хүнтэй босогчдын армиа Бээжингээс зүүн хойш 80 гаруй км-т цагаан хэрэмийн Шанхайгуан боомтод байх Манжаас Мингийн нийслэлийг сэргийлэн суугаа торгон цэргийн ерөнхий командлагч Вү Сангуйн зүг хөдлөгжээ. Вү жанжины цэргийн тоо босогчдоос 2 дахин цөөн олон жил манжтай байлдаж сульдсан байсан мөн манжуудыг мэдэх болсон зэргээс үүдэн хэрэг дээрээ төр барьж байсан Доргонтой холбоо байгуулсан байна. (зарим сурвалжид түүний гэр бүл бээжинд алагдсан учир гэх нь бий) Урдын дайсан шинэ холбоотнууд Чонзэн хааны өшөөг авах нэрээр 1644 оны 5 сарын 27-нд Ли-гийн босогчдыг бут цохин 6 сарын 6-нд Бээжинг эзлэв. Ингээд манжууд Мингийн сүүлчийн хааныг бунхлан өөрдийгөө мингийн залгамж лагч гээд 10 сарын 30-нд Шүнь Жи хааныг тэнгэийн хөвгүүн хуанди хэмээвэй. Үүнээс хойш тэд 17 жилийг бүх хятадыг эзлэхэд зарцуулсан юм.(энэ хугацаанд хятадууд асар их хохирсон жишээ нь 1645 оны Яанжоу-ийн аллага-10 өдөрт Додо хунтайжийн зөвшөөрлөөр 800.000 хүн) Хятадын сүүлчийн хамгаалагч мөн сүүлчийн хунтайж Гуи гэгч Мин улсын  дагуул улс байсан Бирмийн хаанаас орогнол эрж очсон авч Вү-ийн удирдсан манжийн нэхэх арми түүнийг олзлон Хунаньд авчран 1662 онд цаацалжээ. Эеээр засагчийн эхний 7 жил хэрэг дээрээ Доргоны засаглал байлаа. Тэрээр Вү-тэй холбоолон бээжинг эзэлснийг дээр өгүүлсэн билээ. Мөн олон манж  язгууртан ноёдын эсэргүүцлийг сөрөн Бээжинг Манжийн нийслэл болгосон нь хэт алсын хараагүй явдал болсон авч тухайн үедээ Мин улсыг эзлэх явдлыг түргэтгэсэн билээ. Түүний шууд оролцоотой 1645 онд гарсан бусад үндэстнийг манжуудын адил тав гэзэг тавих хааны зарлиг гаргасан нь хятадуудын хэр үнэнчийг шалгах шалгуур болсон юм. Энэ нь күнзийн уламжлалтай Хан үндэстний хувьд том доромжлол байсан ба зарлигийг  үл дагагчдын толгойг авч байсан ч эсэргүүцэгчид 1650 он хүртэл байсаар асан бөгөөд зарлиг бүрэн хэрэгжтэл хятад даяар 25  сая хүн цаазлагдсан гэдэг байна.  1646 онд Сөнөдийн Тэнгис хэмээгч манжийг эсэргүүцэн босч албат иргэдээ аван халхад нүүж ирэн удаах он нь халхын ноёд Тэнгисийг өмгөөлөн манжтай тэмцэж байв. Доргон 1650 онд авд явж байгаад осолдож Шүн жи хаан 12 настай тул түүний эх Довагэр хатан төрийн ихэнхи үйлийг явуулж байсан ба Эеэр засагч 1661 онд 24 насандаа цэцэг өвчнөөр өөд болов. Эеэр засагчийн өөрийн засаглалын үед халх манж хоёул аядуу бодлого барьж байсан бололтой. Үүний жишээ нь 1655 онд Өндөр гэгээн өөрийн урласан дэлгэмэл болон цутгамал бурханаар манжийн хаанд бэлэг хүргүүлсэн, 1657 онд Засагт хан манжийн хаанд элч илгээн бичиг барьсан, 1658 онд манжийн хаанаас халхын ноёдод бэлэг хүргүүлсэн зэрэг явдал болно. Манжийн хаад язгууртнууд Нурхайчийн үеэс улс төрийн болон бусад зорилгоор монголчуудтай ураг барилцсаар ирсэн ба хаад нь Монголын Юан гүрний хаадын удам алтан ургаас хатан авдаг байсан юм. Монгол хатнаас төрсөн анхны манж хаан бол Шүн жи хааны гутгаар хөвгүүн Шуани буюу 1662 онд хаан ор суусан Энх-Амгалан хаан юм. Тэрээр 61 жил төр барьсан бөгөөд түүний үеийг Кан си-ийн үе гэх бөгөөд энэ үед манж гүрэн нийгэм эдийн засаг цэрэг улс төрийн хамгийн хүчирхэг оргилдоо хүрсэн юм. Найман настай хаан болсон түүний он удаан жилийн амжилтын эхийг эцэг нь тавьсан гэж үзэх үндэстэй юм. Учир нь  Шүн жи хаан Доргоны дарангуйлалыг давтуулахгүйн тулд үхэхээсээ өмнө хүүдээ үйлчлэх 4 тэргүүн зөвлөх сайд Сонин, Эбилүн, Сүксаха, Обои нарыг томилж хааны нэрийн өмнөөс засаглах эрхийг өгч харилцан хоорондоо эсрэг нөлөө үзүүлэхээр алба тушаалын хуваарилалт хийж өгсөн байна. Бас 4 сайдын үнэнч байдлаас гадна хаан ширээнд санаархах хааны гэр бүлийн ойрын хамаатан садан бус улсыг сонгосон нь нэг чухал үйл болсон байна. Хэдий тийм авч цаг хугацааны уртад Обоид хаан ширээнд суух боломж гарсан бөгөөд хувь хүний чанар, хуучинсаг үзэл, биеэ тоосон ихэмсэглэлээсээ болж залуу хаантай сөргөлдсөн боловч 1669 онд 15 тай хаан хашир улс төрч цэргийн гарамгай жанжинг хүчгүйдүүлэн шоронд хорьж чадсан байна. Энх Амгалангийн үед 1673 онд өмнөд хятадын Юанань, Гуочоу, Гуандон, Фүжиэны захирагч нар болох  хан үндэстэн Шан Кэжи, Жэн Зонмин болон мөнөөх Вү Сангуйтан нийлэн бослого гарган  тэмцлээ 8 жил үргэлжүүлсэн ба энэ нь тусгаар тогтнох гэхээсээ илүүтэй эрх ямбаны төлөөх тэмцэл байсан бөгөөд түүхэнд 3 феодалын бослого гэгджээМөн энэ үед Ойрад Монгол Галдан хааны засаглал дор хүчирхэгжин “Зүүнгарын хаант улс” хэмээгдсэн ойрад монгол 1640 оны “Дөчин дөрвөн хоёрын их цааз”-ыг зөрчин халх ойрад хоёр монгол 1673-74 онуудад хоорондоо дайтаж эвдрэлцэх болов. Галдан бошогт хаан 1676 -86 онуудад бүх ойрадыг нэгтгээд зогссонгүй Хөх нуур, дорнод Тургестан, Хами, Турфан, Кашгар, Яркенд, Сайрам хот, Ферганы хөндий, Бухар, Самарканд хотууд руу довтлон эзэлжээ. Үүний зэрэгцээ манж болон оростой худалдаа хийж байв. Тэрээр 1687 онд цэргийн хүчээр халхыг нэгтгэх оролдлого хийсэн нь амжилтанд хүрээгүй юм. Халх ойрдын дайнд халхууд ялагдан зугтаж Чуулалт хаалган хүрч буудалсан болон манжийн цэргийн хүчин Улхын голд Галдантай байлдсан нь 1690 оны явдал болно. 1691 онд Долнуурын чуулганд халхын 4 аймгийн ноёд Манж чин улсад дагаар оров. 1696 онд манж халхын цэрэг Галданг Тэрэлжийн зуун модонд байлдан цохижээ. 1697 онд Ойрдын хаанаар Цэвээнравдан тодорч Галдан бошогт хаан тэнгэрт халивай. Энх-Амгалангийн хаанчлалын үед хятадад одон орон, математик, газар зүй болон бусад шинжлэх ухаан гойд хөгжөн дэвшсэн ба мөн үед сарны тооллыг нарийвчлан засч сайжруулан шар зурхайг гарган нийтээр мөрдүүлжээ. 17, 18-р зуун буюу эдгээр он жилүүд Монголчуудын бууралт, манжийн сэргэлтийн он жилүүд давхцсан гэлтэй. Чухам л эдгээр он жилүүдэд монголчууд дэ факто таран бутарч бусдын ханцуй, өвөр түрий, хормой хотонд орсон байна. (1624 онд зүүн монголын Харчин, Дөрвөд, Жалайд, Горлос аймгууд,1626 онд Найман, Бааран, Онниуд, Горлос аймгууд манжид дагаар орж, 1636 онд өвөр монгол манжийн захиргаанд орж, мөн онд Торгуудын Хоо өрлөг харъяат иргэдээ авч Ижил мөрөнд очиж нутаглан, 1651 онд Хуучид нар манжид дагаж, 1654 онд Буриад нар 3 салж нэг хэсэг нь Орос улсад дагаар орж, 1663 онд Ойрадын Хошууд нар Зүүн гараас нүүж Халимагт нийлж, 1666 онд Авга нар, 1691 онд халхын 4 аймгийн ноёд, 1753 онд Дөрвөд аймаг Манж чин улсад дагаар орж, 1755 онд Ойрад манжид эзлэгдэн, 1772 онд Оросын 2-р Екатерина хатан хаан Халимагийг хүчээр эрхшээлдээ оруулан хэрцгий харгислал явуулж Халимаг ноёдыг Петербургт цаазлав г.м ) 1722 оны өвөл Энх-Амгалан хаан өөд болж түүний 4 дөх хүү Юн хунтайж Юн жэн буюу Найралт төв хэмээгдэн 1723 онд хаан ор суув. Энхамгалангийн засаглалын сүүлийн жилүүдэд ах дүү нартайгаа таарамж муутай байснаас гадна хааны гэрээсийг өөрчлөн засч хаан суусан хэмээн хэлэгдэж асан Юн жэн Манжийг хатуу чанд гараар барьж байв. Тэрээр төрийн албаны шалгалтыг хатуу чанд болгон төрийн албан хаагчдыг чанга шалгуураар шалган хан үндэстэн хятадуудад итгэл хүлээлгэн өөрийн ах дүү төрөл ургийн ноёдын оронд төрийн өндөр албан тушаалд тавьсан байна. Мөн тэрээр хээл хахуулийн эсрэг хатуу байр сууринаас хандан, мөнгөний ханшийг дураар тогтоох явдлыг эцэс болгож зөрчсөн этгээдийг цаацлах хүртэл хатуу чанга шийтгэж байв.Түүний засаглалын үед Халх дах ноёрхолоо бэхжүүлэн Сайн ноён хаан аймгийг нэмж байгуулан халхыг 75 хошуунд хуваан халх дах манжийн цэргийн өртөөг бэхжүүлж монголын ноёдод цалин пүнлүү өгөх болжээ. 1735 онд Юн жэн хаан өөд болж түүний хүү Бао хунтайж 1736 онд 24 насандаа Цянь луи хаан хэмээгдэн Тэнгэрийн тэтгэсний анхдугаар оныг эхлүүлэв. Түүний засаглалын үед 1755 онд Монголын тусгаар тогтнолын  сүүлчийн голомт ойрад түмэн маань дотоодын зөрчлийн улмаас манж нарт эзлэгдэн алж хядуулах, нутаг заагдан цөлөгдөх, зугтан одох зэргээр таран бутарчээ.1755-1758 онуудад хотгойдын Чингүүнжав, хойдын Амарсанаа нар халх ойрадын бослогыг эхлүүлж манжийн эсрэг тэмцсэн боловч нэгдмэл удирдлагагүй алаг цоог гарсан бослого тэмцлүүд санасан үр дүнд хүрээгүй билээ. 1745 онд манж нар Монголчуудын угийн бичиг, түүхийг Бээжинд хэвлэх нэрээр хураан авч устгаж эхэлсэн (магадгүй нууц товчоо ч байсан эсэхийг хэн мэдлээ) ба 1753 онд Дөрвөд аймаг манжийн захиргаанд орж,1755 онд Ойрад эзлэгдэн талуулж, 1757-1758 онд олон эх оронч Монголчууд хордуулагдан болон цаацлагдан хороолгуулж, шашны тэргүүнийг Түвдээс тодруулах болсон, халх ойрад дайны хөл татвар дайчилгаанд туйлдан доройтсон зэргээс үүдэн Тэнгэрийн тэтгэсний он жилүүд Монголд хүндээр туссан гэх бүрэн үндэстэй билээ. Халимагийн зуун далаад мянган хүн хуучин нутагтаа эргэн ирэхээр хөдөлсөн боловч оросын хатан хаан Екатеринагийн явуулгаар хасагууд тэднийг мөрдөн хөөж 1771 онд дөнгөж далаад мянган хүн хуучин нутагтаа хөл тавьжээ. Үлдсэн Халимагуудыг  1772 онд Оросын 2-р Екатерина хатан хаан хүчээр эрхшээлдээ оруулан хэрцгий харгислал явуулж Халимаг ноёдыг Петербургт цаазлав. Тэнгэрийн тэтгэсэний засаглалын үед Манж улсад хээл хахууль газар авч манжийн оргил үе дууссаны дохио гарч эхэлжээ. Үүний жишээ нь түүнийг үхмэгц буюу Сайшаал ерөөлтийн тэргүүн онд (1796) “цагаан лянхуа нийгэмлэг”-ийн бослого гарч 8 жил үргэлжилсэн нь Манжийн хүчийг ихээхэн сулруулсан юм. Энэ үед манжийн газар нутгийн хэмжээ 13 сая хавтгай дөрвөлжин километр хүрч ноёрхолынхоо оргилд хүрсэн ба Монголыг гадаад монголын 4 аймаг(Цэцэн хан аймаг 23 хошуу, Түшээт хан аймаг 20 хошуу, Сайн ноён хан аймаг 24 хошуу, Засагт хан аймаг 19 хошуу), Дарьгангын хааны сүрэгчин тусгай хошуу, Хөвсгөлийн, Тану урианхайн, Ховдын хязгаар 30 хошуу, Ил тарвагатайн 13 хошуу, Хөх нуурын 29 хошуу, Эзний хошуу, Алшаа хошуу, дотоод монголын 6 чуулган 24 аймаг 49 хошуу (Жирэм, Зост, Зуу үд, Шилийн гол, Улаан цав, Их зуу чуулган), Цахар 8 хошуу, Түмэд 2 хошуу, Уйгарыг Тяншанбэй, Тяншаннанд,  хятад түвдийг 18 мужид хуваан захирч байв. 

Ингээд тэнгэрийн тэтгэсний дараагаар 1796-1820 онд Жячин буюу Сайшаал ерөөлтийн, 1821-1850 онд Дао гуан Төр гэрэлтийн, 1851-1861 онд Сянь фэн Түгээмэл элбэгтийн, 1862-1874 онд Түн жи Бүрэн засагчийн, 1875-1908 он Гуансюй Бадаргуулт төрийн хаанчлалаар Манж чин улсын үе үргэлжлэн, 1909-1911 онд Сюан түн Хэвт ёсны хаанчлалаар төгсгөл болжээ. 1861-1908 онуудад хэрэг дээрээ Циши хатан Манжийн төрийг барьжээ. Тэрээр 1861 онд гарсан төрийн эргэлтээр Гон хунтайжийн тусламжтай Сүшүний ахалсан 8 засаг баригч ноёдыг хөөн гаргаж Сянь фэн хааныг үхэхийнх нь өмнө Цишигийн хүү Түн жиг хаанаар залгамжлуулахаар заалгажээ. Ингээд Бүрэн засагчийн мөн түүний залгамжлагч Цишигийн дүүгийн хүүхэд болох Гуан сюүй буюу Бадаргуулт төрийн нийт 47 жил Циши “хөшигний араас захирагч” байсан байна. 

19-р зуун 20-р зууны эхэн Манжийн бууралт мөхөлийн үе байж дотоодын нийгмийн хагарал мөргөлдөөн, манжийн эсрэг бослого тэмцэл, барууны түрэлт, эдийн засгийн царцалт, хээл хахууль, хүн амын огцом өсөлтөөс үүдсэн хүнсний хомсдол, байгалийн гамшиг зэрэг нь тус улсыг сульдаан доройтуулж, хятадын үндэсний үзэлтнүүд болон чинээлэг давхрагынханы хийсэн хөрөнгөтний хувьсгалаар Манж чин улс мөхжээ. Манжийн эсрэг бослого тэмцлүүдээс хамгийн том нь Тайпингийн бослого бөгөөд 1851 онд Хон Шиугуан гэгч Гуочжоу мужийг эзлэн “Их энхийн тэнгэрлэг хаант улс”-ыг байгуулан өөрийгөө хаан нь хэмээснээр эхэлж  өргөн олныг хамарчээ. Энэ бослого нь өмнөд хятадыг бүхэлд нь хамарч иргэний дайны байдалд хүрч 1864 оныг хүртэл 14 жил үргэлжлэн 20-30 сая хүн үрэгдсэн ба Манжийн хааны хүсэлтээр ирүүлсэн Британи болон Францын орчин үеийн зэвсэглэлтэй цэргийн оролцоотой дарагджээ. Үүнээс гадна 1862-1873 оны лалын шашинтнууд болон Миао хүмүүсийн Дунганы, 1856-1873 оны Юннаньд гарсан Пантайгийн эсэргүүцэл бослогууд мөн Монгол оронд 1870 онд Их хүрээнд манжийг эсэргүүцсэн ардын хөдөлгөөн, 1880 онд ард Онолтийн удирдлагаар Улиастайн цэргийн бослого, Ордосын дугуйлан, 1900 онд Улиастайд манжийн эсрэг монгол цэргийн бослого, 1906 онд Их хүрээнд хятадын мөнгө хүүлэгч худалдаачдын эсрэг ардын хөдөлгөөн зэрэг бослого хөдөлгөөнүүд гарч байв. 

19-р зуунд Ёвропын улсууд эрчтэй хөгжин колончлох, эдийн засгийн ашиг сонирхолдоо бусад улсыг хамруулах бодлогыг явуулж байсан нь Манжийн тэнгэрийн доорхи бүхнийг захирах бодлоготой мөргөлдөж эхэлсэн байна. Их Британи Британи болон Францын хятадад дахъ хар тамхины наймааг нь хаах гэсэн 1838 оны Манжийн оролдлогын хариуд дайн зарласнаар 1839 онд хар тамхины дайн эхлэв. Уг дайнд орчин үежсэн Британичууд тэнгис болон эх газарт хоцрогдсон Манжийн цэргийн хүчнийг хялбархан цохиж  1842 онд ялагдсан манжууд Нанкинд манайхны хэлдэгээр хилс гэрээ гэгчийг Британитай байгуулсан байна. Уг гэрээ ёсоор Манжууд дайны төлбөр төлөхөөс гадна боомтуудаа ёвропчуудад нээн онцгой эрх эдлүүлэх болон Хонг Конгийг Британид өгчээ. Барууныхан үүгээр ханасангүй, 1854 онд Британичууд Нанкины гэрээг дахин авч үзэх хятадын гол мөрөнд онцгой эрх эдлэх Бээжинд элчин сайдын яам нээх зэрэг зүйлийн тулгалтанд Манжууд эсэгүүцсэнд дахин дайн зарласанаар 1856 онд хар тамхины 2-р дайн эхэлсэн байна. Энэ дайн 1858 онд Британи болон Америк Француудтай өмнөхөөс илүү доромж гэрээг Тяньжинд байгуулснаар дуусаж Манжууд албаны бичиг баримтуудаа англи хэл дээр хийх, Британийн байлдааны онгоцуудад хятадын гол мөрнөөр чөлөөтэй нэвтрэх онцгой эрхийг өгчээ. Үүнээс гадна 1844 онд Вансяд Америктай хилс гэрээ, 1860 онд Бээжинд, 1881 он Петрбургт Оростой гэрээ байгуулан онгой эрхүүдийг өгч 1894-1895 онд Японтой хийсэн дайнд ялагдал хүлээжээ. Энэ мэт дорой байдал нь Хятадын үндэсний үзэлтнүүд, шинэчлэгчдийн дургүйг ихээхэн хүргэж байсны дээр Циши хатны өөрийн сүр хүчийг нэмэгдүүлэхийн тулд гаргасан их хэмжээний зардал тансаглал, энгийн ардын ядуурал зэргээс үүдэн Манжийн засаглалыг эсэргүүцэгчдийн тоо ихэд нэмэгдэхийн хажуугаар европынхон буюу гадныхныг үзэн ядах үзэл дэвэрчээ. 1898 онд Гуан сюүй хааны “шинэтгэн засах 100 өдөр” гэгч шинэтгэлийн бодлогоор хуучин хууль журмуудыг хүчингүй болгон Ли Хонжан зэрэг хуучинсаг үзэлтэй гэгдсэн улсыг албанаас буулган Кан Юүвэй мэт шинэчлэгчдийг өндөр албанд томилсон боловч Циши түүнийг таслан зогсоож ордны хорионд оруулсан байна. Энэхүү өөрчлөлтөөс улбаалан Манжуудын Монголтой хийсэн хуучин гэрээ хэлцлүүд, Монголтой холбоотой хууль цаацуудад өөрчлөлт орж эхэлсэн ба Монголын газар нутагт хятадуудыг суурьшуулахгүй байх зэрэг тохиролцоо алдагдаж Монголд тариалан хөгжүүлэх нэрээр 1906 онд хятадуудыг монголд нүүлгэх товчоо гэгчийг Бээжинд байгуулсан зэрэг нь Монголчуудын дургүйг ихээхэн хүргэсэн явдал болжээ. Түүхэнд “боксёрын бослого” хэмээгдсэн эсэргүүцлийн хөдөлгөөний эхний зорилт нь Манжийн хаант засаглалыг түлхэн унагаж харийнханыг хятадаас хөөн гаргах байсан ч Циши сайд нараараа дамжуулан тэднийг хянаж удирдагчаар нь “Чин улсыг дэмжин гадныхныг устгая” гэсэн уриа гаргуулан эрчимжүүлжээ. 1899 онд боксёрууд хятадад байсан хэдэн мянган загалмайтны шашны номлогчдыг толгойг нь тасдах, амьдаар нь өвчих зэргээр хэрцгийгээр алж хэдэн аван мянган христэд итгэгч хятадуудыг алж хядсан үйлдэл хийснийг Циши өөгшүүлэн дэмжиж байв. 1901 онд Германы элчин сайд алагдсанд 25.000 хүний бүрэлдэхүүнтэй  8 улсын цэргийн хүчин Бээжинг эзлэхэд зугтан гарсан Циши болон Манжийн засаг захиргаа хамтын хүчний тавьсан шаардлагыг хүлээн авч их хэмжээний мөнгөөр төлбөр хийн Бээжинг эргүүлэн авчээ. 1908 онд хатан хаан Циши болон Гуан сюүй хаан хоёр Чун хунтайж буюу Зайфэний ахмад хөвгүүн 2 настай Пуиг хаан суулгахаар гэрээслэн сульдаж доройтсон хэзээ мөдгүй сүйрэх гэж буй хаант төрийг үлдээгээд хоёул ойролцоо өөд болцгоов. Циши үхэхийнхээ өмнө итгэлтэй тайганаараа хаанд хор өгүүлжээ гэх нь бий ч өөр хувилбараар Юан Шикай хоёуланг нь гар буугаар буудаж хороосон гэх нь ч байдаг юм байна.  Ингээд Зайфэн засаглалыг авснаар генерал Юан шикай албанаасаа буужээ. 1911 онд Зайфэн үндсэндээ Айшин гиоро овгийнхноос бүрдсэн  “Хааны гэр бүлийн танхим”-ыг байгуулж төрийн хэргийг явуулах болсон байна. Мөн оны 10 сарын 10-нд Вучаны босогчид Дундад иргэн улс(Бүгд найрамдах хятад улс)-ыг байгуулж Нанжинд Сүн Ят-сэнээр толгойлуулсан засгийн газар байгуулснаа зарласан байна. Үүний дараагаар хэд хэдэн муж Манжаас салж ДИУ-д орж эхэлсэн тул Манжийн засгийн газар хувьсгалчдыг даруулахаар Юан Шикайд Манжийн анхны орчин үеийн зэвсгээр зэвслэгдсэн орчин үеийн цэрэг байлдааны арга барилд суралцсан Бэйяны армиа захирах эрхийг нь буцаан өгчээ. Юан Шикай ерөнхий сайд болж өөрийн танхимаа бүрдүүлсний дараа хатан хаан Лонгуйгийн оролцоотойгоор Зайфэнийг эрх мэдлээс нь салган Чин улсын улс төрийн гол тоглогч болов. Сун Ятсэн үндсэн хуульт бүгд найрамдах засаглалыг хүсч байсан бол Юан Шикай үндсэн хуульт хаант засгийг байгуулахыг зорьж байсан ч хоёул Хятадын эрх ашгийг урьтал болгон үзэж байв. Ингээд Юан Шикай Лонгуй хатны зөвшөөрлөөр хувьсгалчидтай хэлэлцэн тохиролцох оролдлогыг хийж эхлэв. Сун Ятсэн бүгд найрамдах улс байгуулж дэмжлэг үзүүлбэл Юан Шикайг ерөнхийлөгч болгоход бэлэн байлаа. Хэд хэдэн удаагийн хэлэлцээний дараагаар 1912 онд Лонгуй хатан, хааны хаан ширээнээс татгалзах тухай зарлигийг гаргаснаар хятадад 2000 гаруй жил тогтсон хаант засаг мөн 300 шахам жил (1616-1912) тогтносон Манж чин улсын ноёрхолд цэг тавьжээ. 

Энэ үеэр Монголд том ноёд лам нарын удирдлагаар  үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн эрчимтэй өрнөн 1910 онд Их хүрээнд манжийн эсрэг ардын хөдөлгөөн гарч бүх нийтийн дэмжлэгийг хүлээн Хүрээний Сандо амбан, Улиастайн жанжин нарыг хөөж 1911 оны 12 сард Олноо Өргөгдсөн Монгол улсыг байгуулан Богд Жавзун дамба хутагтыг хаанаар өргөмжлөн олноо тунхаглав. Манжийн эсрэг тэмцэл гагц халх төдийгүй нийт Монголыг хамарч байсны нэг нь Барга хошууны  Дамдинсүрэнгийн удирдсан манжийн эсрэг ардын тэмцэл болно. Тэрээр Богд хаант Монгол улсын төрд зүтгэж Манлай баатар цолтойгоор Хатан баатар Магсаржавын хамт 1912 онд Ховдоос манжийн цэргийг хөөснөөр Монголын 150- 200 орчим жил манжаас хараат байсан байдлыг эцэс болгосон билээ. 

Манж улс 1912 онд мөхсөн хэдий ч манж хэл соёлын тухайд аль 18-р зууны дунд үеэс бараг үгүй болсон байна. Хэдий манжийн засаг захиргаа манж хэл соёлыг хадгалах хүчин чармайлт гаргасан ч гэлээ (манжийн язгууртнууд хан хятадтай ураг барилдахыг хориглох зэрэг) соёл уламжлал нь хан хятуудуудад уусан нийлж хятад соёл мэтээр харагдан бүдгэрэн арилж, ярианы хэл нь устан бичгийн хэл нь зөвхөн хааны ордонд хаан болон өндөр угсаат язгууртны ярианы тэмдэглэлд хэрэглэх болсон нь л хожуу хүртэл уламжилж, одоо цөөн тооны өндөр настан болон манж судлаачдаас өөр мэдэх хүнгүй болжээ. (Энд зориуд хэлбэл зохих нэг зүйл нь эмэгтэй хүний хөлийн тавхайг хугалж хатингаршуулдаг уламжлал бол манжийн соёл биш юм байна) Дундад иргэн улсын засгийн газар манжийн хаан болон ордныхонд 1924 он хүртэл цалин пүнлүү олгож басан хэдий ч хятад даяар манж нарыг ялгаварлан гадуурхах явдал маш түгээмэл байснаас олон манж хүн угсаа гарвалаа нуух, хятад нэр авах, манжуудаасаа харилцаа холбоогоо таслах, нуугдмал амьдралаар амьдарч эхэлсэн байна. Манжуурыг Япончууд эзэлсний дараагаар 1934 онд Японы хараа хяналт, улс төрийн зорилго бүхий  дэмжлэгтэйгээр өсч томрон ухаан суусан Пуиг хаанаар “томилж”  Манж го буюу Манж улсыг байгуулсан нь 1945 онд Зөвлөлтийн арми Манжуурт орж ирснээр  мөхөж манжуудын 3 дах удаагаа сэргэх оролдлогыг нураажээ.  Хятадад Манж нарыг гадуурхах үзэл БНХАУ-ын засгийн газраас манжуудыг үндэсний цөөнх гэж албан ёсоор нэрийдэх 1952 он хүртэл байсаар асан ба манж нарын тоо энэ үед 2 дахин хорогдсон гэсэн байдаг байна. 1953 оны хятадын хүн амын тооллогоор 2.5 сая манж угсааны хүн бүртгэгдэж байсан бол 1982 онд 4.299.159, 1990 онд 9.821.180 манж угсаатан тоологдсон нь хятадын цөөнх үндэстэн (монгол, манж, түвд, хотон)-ий дотроос хамгийн хурдан өссөн үндэстэн болжээ. Энэ нь цэвэр өсөлтөөс гадна олон хүн манж угсаатан болж нэр овгоо өөрчилсөн, зарим нь манж угсаагаа сэргээсэн зэргээс шалтгаалсан өсөлт юм. 

Одоогийн байдлаар зүүн хойд хятадын Хэбэй, Жилин, Ляонин мужуудад манжуудын 10, монгол манжийн 1 нийт 11 өөртөө засах дүүрэг байгаа юм байна. Мөн цөөн тооны манжууд Хойд солонгос, Оросын сибир, Канад болон Японд оршин суудаг ажээ.

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

null
ka (зочин)

Сонирхолтой зүйл нийтлэсэнд баярлалаа

Javhlan (зочин)

Халхыг манжууд эзэлсэн нөхцөл байдлын талаар 90 оноос өмнө нилээн бүрхэгдүүлсэнээр манайхан буруу ойлголттой байх шиг байдаг юм. Орос, манж 2 ижилхэн монголчуудыг булаан эзлэх хагалан бутлах бодлого барьж байсан. Буриадыг оросууд эзлэх үел Түшээт хан аймгийн 40000 цэрэг туслахаар явахад Оросууд Зүүнгарт буу зэвсэг өгч Халхруу довтлуулсан. Ингэснээр Нийт Монгол мөхлийн замруугаа орсон билээ. Нерчу-гийн гэрээгээр Ар өвөр монгол, зүүнгарын өмнөд хэсгийг манжууд, буриад зүүнгарын баруун хойд хэсгийг оросууд авхаар тохиролцсон

enh (зочин)

хүн ер нь түүхээ мэдэж байх хэрэгтэй

KoK (зочин)

үнэхээр сонирхолтой сэдэв байна аа. Их баярлалаа

seree (зочин)

omnon unshij baigaa zyil olon baina er n 1 unshichhad ilyydehgyi ee

Ganaa (зочин)

manj gedgiig yaponoor yu gej heldgiig meddeg bol helj uguuch hytadaar ch baisan bolno. Hanzaarch bolno

ebugen

满族 хятадаар
満州 японоор

Зулаа (зочин)

их сонирхолтой юм байна баярлалаа

ganaa (зочин)

manj ulsiig hydat oyutnuud yaponuud meddeggvi ym bna aa. tiim uls baigaagvi geed l gazar l baidag geel. Uburmongolchuud yaj hytadiin uls bolsniig bas mededgvi ym bna aa.

e (зочин)

чин династи гэвэл мэднэ тархиа угаалгасан улс болон зарим нэг нь албаар мэддэггүй л гэнэ

e (зочин)

www.ganaa.mn СУН ЯТ СЕН: АРДЫН ГУРВАН ЗАРЧИМ БА ХЯТАДЫН ИРЭЭДҮЙ

зэхор (зочин)

яахав дэээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)